ТӨК-иуд алдагдалтай ажиллахын төлөө биесээсээ өрсөн “уралдаж“ байна
Хүний юманд яаж хүйтэн сэтгэлээр хандаж болдгийг яруу тод харуулж яваа сонгодог жишээг төрийн өмчит компаниуд түүчээлээд удаж байна. Хувийн хэвшил таван “цаас” олохын төлөө хуруу хумсаа хугалан зүтгэж байхад нөгөө талд ямар ч өрсөлдөгчгүйгээр салбараа базсан төрийн өмчит компаниудын данс хоосорч, эсрэгээр захирлуудынх нь хэтэвч түнтийдэг “улс төрийн схем” амь бөхтэй хэр удаан орших вэ? Гол нь төр алдагдал хүлээхэд тэд ашигтай байдаг нь энэ бизнесийн “алтан зарчим” болжээ
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, нийт 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Ур чадвараар бус улстөрчдийн цүнх барьж гүйсний хариуд томилогдсон захирал, удирдлагууд компанийн үйл ажиллагааг сайжруулах, ашигтай ажиллуулах гэж хичээхийн оронд хэрхэн хувьдаа “саах” вэ гэдэгт ухаанаа уралдуулдаг нь нууц биш. Энэ нь төрийн өмчит компаниудын хяналтын тогтолцоо бүрэн алдагдсантай холбоотой.
Жирийн иргэн ороод мэдээлэл авах боломжгүй, хяналт тавих талаар яриад ч хэрэггүй төрийн өмчит компаниуд Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь өрсөлдөгчгүйгээр базаж, төрийн нэр барьж хувийн хэвшлийн хөгжих, өсөх боломжийг хулгайлж байгаа нь том эмгэнэл юм. Нэмээд, мэдээж татвар төлөгчдийн мөнгийг тэд гарын салаагаараа урсгаж буй. 2019 онд хийсэн судалгаагаар 83 төрийн өмчит аж ахуй нэгжийн 27 нь алдагдалтай ажиллаж байсан. Энэ тоо 2025 онд 43 болж нэмэгдсэн. Алдагдал 87-оос 150 тэрбум болж “пуужиндсан”. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллахын төлөө бие биеэсээ өрсөн уралдацгааж байна.
Гэтэл татвар төлөгч ард түмэн алдагдал хүлээж, хувийн хэвшлийнхэн хөгжих боломжоо боомилуулсны хариуд төрийн өмчит компанийн удирдлагууд халаасаа түнтийлгээд зогсохгүй, урамшуулал хэмээн ил цагаан мөнгө авдаг нь ой гутам юм. Өнгөрсөн оны ганц жишээ дурдахад татаастай 9 төрийн өмчит компанийн захирал, удирдлагууд үр ашиг бус өр алдагдал хураасныхаа төлөө 970 сая төгрөгийн урамшуулал авчээ.
Ер нь улстөрчдийн хувьд төрийн өмчит компани гэдэг “суганы үс”-ээ орлоготой нь залгуулж, паразитлуулах таатай хөрс шороо болгож сонгодог нь нэгэнт ил болсон. Иймд төрийн өмчит компанийн нээлттэй болгох, засаглалыг сайжруулах, үе шаттай хувьчлах асуудлыг хурцаар хөндөх цаг иржээ. Тэнгэрт хар үүл болж хуралдсан төрийн өмчит компаниудыг үлдэн хөөж, хувийн хэвшилд нар үзүүлэхгүй бол энэ улс орон, эдийн засаг илжирлээ.