Д.Сүнжид: Засгийн газар боловсролын тэгш бус байдлыг бууруулахад анхаарах шаардлагатай
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хүний эрхийн асуудал зөвхөн хотод байдаггүй. Хөдөө орон нутаг, сумдад хүний эрхийн нөхцөл байдал ямар байдаг, энэ талаар танай комисс хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Бид 2023 онд анх удаа бүх аймагт хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж, Засаг дарга, ИТХ-ын даргад зөвлөмж хүргүүлсэн. ХЭҮК-оос 21 аймагт тус бүр нэг албан хаагч ажилладаг. Энэ жил аймгийн төвөөс гадна сумдад хүрч ажиллахаар төлөвлөж байна.
ХЭҮК-ын гишүүд өнгөрөгч 8, 9 дүгээр сард Увс, Завхан, Баян-Өлгий, Орхон, Ховд, Архангай зэрэг аймагт томилолтоор ажиллаж хяналт шалгалт, сургалтыг зохион байгууллаа. Гишүүд цагдаагийн байгууллага, цэргийн анги, сургууль, эмнэлэг болон холбогдох бусад байгууллагад хяналт шалгалт хийж, сумдад хүний эрхийн өдрийг зохион байгуулсан. Мөн Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн, хэлтсийнхэн Сэлэнгэ, Орхон аймагт энэ долоо хоногт ажиллахаар төлөвлөөд байна.
-Орон нутагт хүний эрхийн ямар зөрчил нийтлэг байна?
-Орон нутагт хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг үр дүнтэй ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хянах, барилга байшингийн аюулгүй байдлын асуудал, замын аюулгүй байдлын асуудал, хамтарсан баг, хууль зүйн хорооны үйл ажиллагааг сайжруулах зэрэг нийтлэг асуудал байна.
-Нийслэлийн иргэдийн эрх зуны улиралд ихээхэн зөрчигдөж байна. Энэ дээр танай байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Зуны хугацаанд нийслэлийн иргэдэд тулгардаг томоохон эрхийн зөрчлийн нэг нь дуу чимээний бохирдол. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол аюултай түвшинд хүрсэн. Дуу чимээний бохирдлоос хамгаалах, энэ төрлийн зөрчлийг шийдвэрлэх талаар гурван удаагийн цуврал уулзалтыг УИХ-ын гишүүдтэй хамтран зохион байгуулж, хариуцах байгууллагын чиг үүргийн зураглал гаргалаа.
Энэ талаарх нааштай өөрчлөлтүүд удахгүй гарах болов уу. Мөн НЗДТГ-ын Хяналт шалгалтын газраас, шөнийн цагаар барилга угсралтын ажил гүйцэтгэж буй барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид стандарт мөрдөх, дуу чимээний зөвшөөрөгдсөн хэмжээг баримтлах, оршин суугчдад мэдээлэл хүргэх, дуу чимээ буруулах арга хэмжээ авах зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн. Бид биелэлтийг хянан ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын хувьд хүний эрх хамгаалах тогтолцоо ажиллаж чадаж байна уу гэдэгт хяналт тавьж, чадахгүй байгаа тохиолдолд холбогдох албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэн, биелэлтэд хяналт тавьж ажилладаг эрхтэй байгууллага. Түүнээс яг өөрсдөө очоод эрхийн зөрчлийг таслан зогсоох эрхгүй.
-Танай байгууллага хүний эрхийн зөрчлийг шууд таслан зогсооход оролцдоггүй юм бол жишээ нь, барилгын ажлыг шөнийн цагаар хийж байгаа тохиолдолд иргэд хаана гомдол гаргаж, хэрхэн шийдвэрлүүлэх юм бэ?
-Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага, мэдээлэл жилдээ 3000 орчим очдог байна. Гэтэл цагдаагийн байгууллага “Харьяаллын бус асуудал” хэмээн хүлээн авахгүй шилжүүлж байгаа тул Засгийн газрын 11-11 төв, нийслэлийн 1800-1200 дугаараар гомдлыг гаргавал илүү үр дүнтэй байна.
Тиймээс Зөрчлийн болон Барилгын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах санал, дүрэм, журамд оруулах өөрчлөлт, хамгийн гол нь төрийн байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, иргэдийн эрхийг зөрчихгүй байх, ийм үйлдлийг таслан зогсооход үр дүнтэй ажиллах тогтолцоог ажиллуулахад анхаарч ажиллалаа.
-Удахгүй Ахмадын өдөр болох гэж байна. ХЭҮК ахмадын асуудалд нэлээд анхаарал хандуулж байх шиг?
Зорилтот 13 бүлгийн эрх, эрх чөлөөг хангахад ХЭҮК анхаардаг.
-Эдгээр бүлгээс ахмадын эрхийг хангах асуудалд 2024 оны илтгэлд дүгнэж, саналыг УИХ-д дэвшүүлсний мөрөөр 2025 онд ахмадын эрхийн талаарх НҮБ-ын конвенцыг дэмжиж, Ази-Номхон далайн бүс нутгийн чуулганыг 6 дугаар сард зохион байгууллаа.
Энэ үеэр талууд хамтран Улаанбаатарын тунхаглалыг баталсан. Энэ Тунхаглалыг улс бүр өөрсдийн Засгийн газар, шийдвэр гаргагч нарт танилцуулах, диалоги өрнүүлэх, улмаар НҮБ-ын ахмадын эрхийн конвенцыг батлахыг дэмжихэд байр сууриа илэрхийлэх учиртай.
Ирэх оны төсвийг УИХ чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй энэ үеэр ч ахмадын эрхийг хангах, тэтгэврийн асуудал, тэтгэмжийн асуудал идэвхтэй яригдаж байна. ХЭҮК-т хандаж ахмадуудаас хамгийн их ирж байгаа гомдол, хүсэлт бол тэтгэврийн зөрүүг арилгах, амьжиргааны наад захын баталгаа хангахуйц тэтгэвэр авах асуудал байдаг.
ХЭҮК-ын 23 дахь илтгэлд дүгнэсэн ахмадын эрхийн хэрэгжилтийн сэдвийн тухайд тэтгэвэр, тэтгэмжээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ, асрамж халамжийн үйлчилгээ, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох бусад боломж манай улсад хангалтгүй байна, мөн үл хайхрах хүчирхийлэлд ч өртөж байна гэдгийг авч үзсэн.
Энэ есдүгээр сарын 26-нд ахмадын эрхийн Улаанбаатар тунхаглалыг тойрч, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлэг өрнүүлж, санал шийдлийг ярилцахаар төлөвлөж байна.
-Хүний эрхийг хангах 2 дугаар хөтөлбөр ямар шатанд байгаа вэ?
-Хүний эрхийг хангах анхдугаар хөтөлбөр 2003 онд батлагдсан. Хоёрдугаар хөтөлбөрийг ХЭҮК-оос сүүлийн 2 жилийн турш иргэний нийгмийн байгууллагатай хамтран боловсрууллаа. Улмаар УИХ, Засгийн газарт өргөн барьсан. УИХ-ын ажлын хэсгийг Х.Баасанжаргал гишүүн ахалж, ХЭҮК-оос мөн ажлын хэсэгт ажиллаж байна.
Хөтөлбөр баталснаар цаг зуурын асуудал шийдэх маягаар биш, чиглэсэн зорилготой, тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ахиц гарсан байх вэ, хүүхдийн ямар эрхийг хэрхэн хангасан байх вэ гэх маягаар асуудлыг тодорхойлсон бодлогын бичиг баримт болох учиртай юм.
-Цаг үеийн шинжтэй ноцтой гэмт хэргүүд гарч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Комисс ямар үүрэгтэй вэ?
-ХЭҮК-ыг мөрдөн шалгах, шүүхээр хянагдаж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар оролцохыг хориглодог. Харин процессын эрхийг хангасан эсэх, эрүү шүүлтээс ангид байх, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьдаг.
Комисс жил бүрийн илтгэлдээ шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийг ХЭҮК сэдэвчлэн тусгаж, шийдлийн саналаа дэвшүүлдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангаж байгаа эсэх ялангуяа хохирогч хамгаалал төвтэй болгохын тулд хууль тогтоомж, тогтолцооны болон бусад үр дүнтэй шийдэлд төвлөрч ажиллах нэн тулгамдсан болохыг ХЭҮК байнга анхааруулж байна.
Эрүүгийн гэмт хэрэгт хохирогчдын хохирол нөхөн төлсөн байдал үнэхээр хангалтгүй, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон хохирогчид хохирлоо бүрэн барагдуулж чадахгүй байна гэдэг чинь Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээж, хангах заалт бүрэн хэрэгжихгүй байна гэсэн үг шүү дээ.
Иргэний шүүх, захиргааны шийдвэр гүйцэтгэлийн хувь ч хангалтгүй. Гэтэл шүүхээр шийдвэрлүүлэх гэж хэчнээн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг билээ. Гэтэл шийдвэр биелэгдэхгүй, хохирол төлөгдөхгүй бол ямар үр дүн байх вэ дээ. Хууль тогтоомжийн нийцэл хангах, тогтолцооны уялдаа холбоо, уламжлалт арга барилыг өөрчлөх хэрэгтэй байна. Зарим онцлог төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх хэрэгтэй.
-Комисст хэр их гомдол ирдэг вэ, ямар төрлийн гомдол илүү ирдэг вэ?
-ХЭҮК-т ирдэг гомдлын тоо жил бүр өсөн нэмэгдэж байна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар 1073 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.
Жилийн дундаж 1200 байдаг тоотой харьцуулбал хагас жилдээ гаргаж буй гомдлын тоо өсөж байгааг харуулж байна. Гомдлын эзлэх хувийг харвал: халдашгүй байх эрх (эрүүдэн шүүхээс ангид байх, хорих анги дахь нөхцөл, өмгөөлүүлэх эрх, баривчлах саатуулах зэрэгтэй холбоотой) гомдол 30 орчим хувь, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой (цалин хөлс олгохгүй, амралтын асуудал, ажлын байрны дарамтын асуудлаар) 20 орчим хувь ирдэг.
Эдгээрийн ардаас хүүхдийн эрхийн асуудал, эмнэлгийн үйлчилгээ, хувийн мэдээлэл алдагдсан, хэвлэн нийтлэх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, сурч боловсрох эрх гэхчлэн үргэлжилнэ. Төрийн байгууллагаас өргөдөл гомдол шийдвэрлэхгүй байна гэдэг асуудал мөн ирдэг. ХЭҮК-ын гишүүдээс холбогдох байгууллага, албан тушаалтанд 20 шаардлага, 44 зөвлөмжийг хүргүүлсэн байна.
-Хүний эрхийн зөрчил ер нь юунаас үүдэлтэй вэ?
-Олон хүчин зүйл, шалтгаанаас болдог. Эхлээд хууль тогтоомж, дүрэм журам тодорхой байж, давхардал, хийдэл зөрчил байгаа юу гэдэг асуудал байна. Жишээлбэл, гэр бүлийн маргаанд хүүхдэд ногдох өмчийг хэрхэн хамгаалах, тэтгэмжийг хэрхэн нөхөн олгох ч гэдэг юм уу энэ бол хуулиар эхлээд зохицуулалт нь байх ёстой.
Дараагийн хүчин зүйл бол механизм, байгууллага хоорондын ажлын, чиг үүргийн уялдаа холбоо үнэхээр чухал байна. Байнга ажиглагддаг нэг үзэгдэл бол ажлаас зайлсхийдэг, нөгөө байгууллага руугаа дамжуулдаг, хоорондын уялдаа холбоогүй ажилладгаас нэг бол давхардаж хийдэг, үгүй бол огт орхигддог асуудал бий. Өнгөрөгч 6-8 дугаар сард нийслэлийн орчны бохирдлын дуу чимээг хэн хянах вэ гэдэг асуудал яригдахад гурван яам хоорондоо дамжуулах жишээтэй. Гуравдугаар шалтгаан нөөцтэй холбоотой.
Хүний, санхүүгийн, биет хүртээмжийн нөөц бий юу?
Жишээлбэл, төсөвгүй бол хүний эрхийг хангах материаллаг хуулийн заалт яаж хэрэгжих билээ дээ.
Эцэст нь албан хаагчийн хандлага, ур чадвараас болж хүний эрх зөрчих асуудал гардаг. Нэг сумын дотуур байрны багш төлөвлөгөө, бодлогоо баталсан, хүүхдээ хөгжүүлэх гээд тал бүрийн арга хэмжээ хэрэгжүүлсэн, дундын өрөө тасалгаа нь ч нээлттэй, сурагчдынхаа судалгааг авч, эцэг эхтэй нь уулзсан байна.
Гэтэл өөр нэг сумын сурагчдын дотуур байранд хүүхдийг харгалзаж байгаа маягтай, нэг өрөөг агуулах болгоод баахан эд бараа овоолсон, хөгжүүлэх өрөө нь цоожтой, хүүхдийн шкаф нь дундаа тасалгаагүй байх жишээтэй. Хүлээсэн чиг үүрэг бол адил шүү дээ. Тухайн ажил хариуцсан хүний хандлагаас шууд хамаардаг.
-Шинээр үүсч буй хүний эрхийн асуудлын талаар?
-Технологи, цахимжилт, сошиал сувгуудийн хэрэглээтэй холбоотой хувийн нууц, нэр төр, илт ташаа буруу худлаа мэдээлэл түгээх асуудал их байна. Цахим залилан, сүрдүүлэг олон нэр төрөлтэй болсон. Ялангуяа 24 дэх илтгэлд дурдсан нэг асуудал болох залуучууд, өсвөр насныхан хүүхдүүдийн итгэл олох замаар хувийн мэдээллийг аваад хариу шантаажлах, янз бүрийн мөлжлөгт өртөх байдлаас урьдчилан сэргийлэхэд бүгд анхаарах хэрэгтэй байна.
Эцэг эх, асран хамгаалагч, багш нийгмийн ажилтан, ойр тойрны насанд хүрэгчид энэ талаар зөвлөж, сануулж байхгүй бол хохирогч болох, хандах газраа мэдэхгүй давхар хохирох асуудалд орж байна. Цахим ялгаварлан гадуурхалтын асуудал бас их, авч байгаа хариу арга хэмжээ тохирсон, шуурхай, үр дүнтэй байж тэр бүр чадахгүй байна. Байгаль орчны нөлөөлөл, цаг уурын нөхцөл байдлаас хүний эрхийн асуудлууд үүсэж байна. Нийслэлд гэр хорооллын төлөвлөлтийн асуудал байна.
-Монгол Улсын Засгийн газраас нэн яаралтай шийдвэл зохих хүний эрхийн асуудлууд гэвэл юуг хэлэх вэ?
-ХЭҮК стратеги 2020 онд боловсруулахдаа иргэний болон улс төрийн эрхийг хүрсэн түвшингээс ухрахгүй байх хэрэгтэй гэж дүгнэсэн. Үг хэлэх, үзэл бодол илэрхийлэх, жагсаал цуглаах хийх, шүтэх эрх чөлөө гэхчлэн. Харин эдийн засаг нийгэм, соёлын эрхийг хангахад Монгол Улс одоо ахиц дэвшил гаргах шаардлагатай.
Ядуурал бол хүний эрхийн зөрчил мөн гэж бусад улсад үздэг. Монгол Улсын ядуурлын хувь сүүлийн 30 жил ер буурсангүй ээ, харин ч ядуурлын бүтэц өөрчлөгдлөө гэж дүгнээд байна. Өмнө нь манай улсад амьжиргааны түвшин хамааралгүйгээр хэн ч “хэн нэгэн” болж болдог байлаа. Бүх нийтээр тэгш жигд эзэмшсэн ерөнхий боловсролын ачаар тийм байсан. Гэтэл одоо бол энэ байдал өөрчлөгдсөн.
Боломжтой бол сайн боловсрол эзэмших, гэр бүлийн, өрхийн боломжоор хязгаарлагдах, үе дамжиж ядуу амьдрах эрсдэлтэй болсон нь эмгэнэлтэй. Өрхийн амьжиргаа бага өрхийн хувьд хүүхдүүд нь цэцэрлэгт явдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 хүрэхгүй хувь нь л тогтмол сургуульд явдаг. Боловсролын тэгш бус байдлыг бууруулж чадвал ёстой хүндээ чиглэсэн, хүнээ төвдөө тавьсан нийгэм болох сон.
Эрүүл мэндийн тусламж авах үйлчилгээ хүртээмжтэй, жигд байх хэрэгтэй байна. Боловсролтой, эрүүл монгол хүн л бидний хамтын зорилго байх учиртай бус уу. Зарим зорилтот бүлгүүд давхар давхар гачигдалд өртдөг, эрхээ хангуулж чаддаггүй. Боловсролын тэгш бус байдал өндөртэй орнуудад хүчирхийллийн мөргөлдөөн гарах магадлал хоёр дахин нэмэгддэг гэсэн дүгнэлтийг НҮБ-ын Хүүхдийн сангийн эксперт танилцуулсан.
Богино, дунд урт хугацааны бодлоготой, улс төрийн хүчин, Засгийн газар солигдохоос үл хамаарч тууштай зорьж баримтлах хэрэгтэй.
-Комисстой холбоотой Төрийн албаны зөвлөл дээр гомдол явж байгаа гэсэн байв уу?
-Бусад байгууллагатай адил хөдөлмөрийн асуудал, сахилга хариуцлагын асуудал манай дээр ч яригдана. ХЭҮК-ын Тамгын газрын даргад Үндэсний аудитын газраас “Эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр өөртөө урамшуулал авсан” гэсэн төлбөрийн акт тогтоосон. Энэ актыг үндэслэж сахилгын шийтгэл ногдуулсан юм.
Тухайн хүн маань гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөл хэлэлцээд “Сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж өнгөрсөн долоо хоногт шийдвэрлээд байна.
-2026 оны төсөв ер нь ямар байгаа вэ?
-ХЭҮК-оос боловсруулж, ХЗБХ-оор дэмжсэн төсвөөс урсгал зардлыг 2,8 тэрбумаар бууруулж тусгасан байна. 2024 оны төсвийн тодотголоор 2 тэрбум орчмыг манай төсвөөс хассаны улмаас 9 орон тооны цалингийн санг хасах шаардлагатай болсон.
2026 оны төсвийн сургалт, судалгаа, томилолт зардал 1.5 тэрбум хасвал Комиссын хуулиар хүлээсэн чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд шууд хүндрэл үүсэхээр байгаа. Мөн хөрөнгө оруулалтын буюу НҮБ-ын зөвлөлд МУ-ын ЗГ-ын амласан амлалт, УИХ-ын тогтоолоор баталгаажсан Ази номхон далайн хүний эрхийн бүсийн төв байгуулах 25 тэрбум бас хасагдсан байна” гэв.
-Ярилцсанд баярлалаа.