“Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжсэнээр 12,000 нүхэн жорлон, 15,600 утаат яндан устана

68ad14ae3052b

• Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 158 ам метр талбайд “Сэлбэ 20 минутын хот”
төслийн хэрэгжилт үргэлжилж байна.
• Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлд 12,000 нүхэн жорлон, 15,600 утаат
яндан устаж, агаарын бохирдол буурна.
• Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадалтай “Дамбадаржаа” цахилгаан
станцаас дулаанаа хангах бөгөөд орон сууцуудын хэрэглээний усыг зэс
хоолойгоор угсрахаар төлөвлөжээ.

Хотын иргэд нийгмийн болон төрийн үйлчилгээг гэрээсээ 20 минутын дотор хүртэх
боломжийг бий болгохоор нийслэлд дэд төвүүдийг үе шаттай хөгжүүлэхээр
төлөвлөж буй. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 158 ам метр
талбайд “Сэлбэ 20 минутын хот” барихаар төлөвлөж байна.
Сэлбэ дэд төвийн нийт талбайн 62.6 ам метр буюу 39 хувийг ногоон байгууламж
эзлэх аж. Тус дэд төвд 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван ерөнхий боловсролын сургууль, таван цэцэрлэг, улсын болон хувийн эмнэлэг, спортын цогцолбор байгуулагдах юм. Мөн 8 км авто зам, 48.7 км явган хүний зам, 32.1 км дугуйн зам, тоглоомын болон амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг төлөвлөсөн
байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр нийслэлд 12,000 нүхэн жорлон 15,600 утаат яндан
устаж, агаарын бохирдол буурах төлөвтэй байна. Сэлбэ дэд төвийн газрыг
чөлөөлсний дараах судалгаагаар PМ2.5 тоосжилт 1.6 дахин буурсан байна. Цаашид
гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар
тус тус буурах тооцоо гарчээ. Мөн хотын төвийн орон сууц, үйлчилгээний ачааллыг
Сэлбэ дэд төв рүү шилжүүлснээр төвлөрлийг 4.2 хувиар бууруулах боломжтой гэж
судалгаагаар тогтоожээ.

Одоогоор нэгдүгээр багцын 20 блокоос 18 блокийн суурь цутгах ажил дууссан бол,
хоёрдугаар багцын 26 блокоос 5 блокийн суурь цутгалт хийгдэж дууссан байна.
Харин Багц 3.1, 3.2, 3.3 болон Багц 4.1, 4.2-д гүйцэтгэгчдэд барилгын талбайг
хүлээлгэн өгч, гэрээ байгуулах ажил үргэлжилж байна.

Сэлбэ дэд төв нь 63 МВт-ын хүчин чадалтай “Дамбадаржаа” цахилгаан станцаас
дулаанаа хангах бөгөөд орон сууцуудын хэрэглээний усыг зэс хоолойгоор угсарч,
дээвэр дээр нарны панель байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эрүүл
мэнд, боловсрол, цагдаагийн хэсэг, онцгой байдлын төв зэрэг төрийн үйлчилгээ,
театр, үзэсгэлэнгийн танхим, спортын цогцолбор зэрэг үйлчилгээ бүхий нэг дор
төвлөрүүлж, Сэлбэ хотын оршин суугчид нийтийн тээвэр болох автобус,
трамвайгаар саадгүй зорчихын зэрэгцээ явган хүний болон дугуйн замын дэд
бүтцийг дэлхийн шилдэг хотуудын жишигт нийцүүлэн аюулгүй, ая тухтай ашиглах
боломжтой болно.

About Author