Д.ЗОЛБОО: Э.МАКРОНЫ АЙЛЧЛАЛААР УРАНЫ САЛБАР ДАХЬ ГАЦАА ШИЙДЛЭЭ ОЛНО ГЭСЭН ХҮЛЭЭЛТ БИЙ
Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх долоо хоногт манай улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Үүнтэй холбоотой ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.
-Ойрын жилүүдэд Монгол Франц хоёр улс төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макронын айлчлын онцлог, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Түүний айлчлалын тов саяхнаас л тодорхой боллоо. 2011 онд Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл гуайн Францад хийсэн айлчлалаас хойшхи дээд хэмжээний айлчлал гэдэг утгаараа хоёр орны харилцаанд чухал үйл явдал болно. Ирэх 2025 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны
60 жилийн ой тохионо. Эзэнт гүрний үеэс харилцаж байсан гэдэг манай хоёр улсын дипломат харилцааны “нэгэн жаран”-ы түүхэнд болох хамгийн өндөр хэмжээний айлчлал болон бичигдэх байх. Монголын гадаад бодлого амжилттай хэрэгжсээр байгаагийн нэг илрэл нь энэхүү айлчлал гэж болно. Манай хүрээлэнд Монгол-Францын харилцааны түүхийг тусгайлан судалдаг ахмад эрдэмтэд байдаг. Шинэ залуу үеийн судлаачид ч төрөн гарч байна. Дэлхийн Монгол судлалын түүхэнд франц эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг багагүй бий. Нөгөө талаасаа Монгол дахь Франц судлал ч тодорхой хэмжээнд хөгжиж, франц хэлтэй судлаачид өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг болсон. Хамгийн энгийн жишээ гэхэд Францаас манайд ирэх жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлнө. Олон жилийн өмнө байгуулсан гэрээнийхээ дагуу шууд нислэгтэй болоод авчих хэрэгтэй байна.
-Ер нь манай хоёр улсын худалдаа эдийн засаг, улс төрийн харилцаа ямар түвшинд явж ирсэн бэ?
-Албан ёсоор нэр нь заагдаагүй ч Европын холбооны голлох улс гэдэг утгаараа манай “гуравдагч” хөршийн нэг. Худалдаа, хөрөнгө оруулалтын дүн тооцоо нь харин бидний хүлээлтээс хол байсаар ирлээ. Биднээс шалтгаалаад тэдний эрх, ашиг сонирхлыг бодитойгоор бий болгож чадахгүй байна. Улс төрийн харилцааны хувьд гологдохгүй ч энэхүү харилцаагаа эдийн засагжуулах талаар анхаарах зайлшгүй шаардлага байсаар л байна. Соёл, хүмүүнлэгийн салбарт харилцаа сайн, Монголд хандивлагчдын дунд францчуудын эзлэх хувь чамлахааргүй.
Энгийн үүргэвчтэй аялагч биш өндөр зэрэглэлийн франц жуулчид манайд ирэх нь л цаагуураа маш том хөрөнгө оруулалт. Харамсалтай нь нислэгийн тийзний өндөр үнэ, дэд бүтцийн хөгжил гээд биднээс шалтгаалах маш олон асуудлаас болоод хангалттай түвшинд хүргэж чадахгүй байна.
-Ингэхэд Э.Макроны айлчлалын хүрээнд талууд ямар, ямар асуудал шийдэх бол. Одоо яригдаж байгаагаар атомын цахилгаан станц, уран ашиглалт зэрэг хөрөнгө оруулалтын төслүүд хөдөлнө гэсэн хүлээлт бий?
-Зөвхөн дээд хэмжээний айлчлалын үеэр хэрэгждэг олон чухал ажил шийдлээ хүлээж байгаа даа. Франц бол Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын сонгодог төлөөллийн нэг. Олон салбар яригддаг боловч таны асууж байгаа уран олборлолт, цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц хамгийн голлох сэдэв байсаар ирлээ. Францын талаас сонирхлоо ойлгомжтойгоор илэрхийлдэг. Гэвч манайхны бодлогын тогтворгүй байдал “чөдөр, тушаа” болсоор байна. Хүлээлт аль аль талдаа байгаа, зарим нэг гацааг арилгахад иймэрхүү өндөр түвшний айлчлал, яриа хөөрөө их үүрэг гүйцэтгэнэ.
-Франц бол манай гуравдагч хөрш орон. Яавал хоёр улсын харилцааг шинэ шатанд өргөжүүлж, хөгжүүлэх вэ?
-Харилцааны түүх хөгжлийн нэг шатандаа ахиж л байгаа. Бид гадны хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоход анхаарахгүй бол зөвхөн Франц гэлтгүй бүгд л бидэнд эргэлзэж, холуур тойрч байна. Украины дайнаас үүссэн дэлхийн улс төрийн нөхцөл байдал бидэнд шууд болон дам хэлбэрээр нөлөөлсөөр байна. Гадаад харилцаа, бодлогын чиглэлээр Монгол Улсын баримталж байгаа байр суурь алдаа мадаг багатай байгааг өндөр хэмжээний олон тооны айлчлал харуулж байна. Энэ байр сууринаасаа буцаж, няцаад байхгүй, яаж ийгээд л идэвхтэй байдлаа хадгалаад баймаар байна даа. Өнөөдөр дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт Францтай өрсөлдөх улс орон ховор. Тиймээс бид тэднээс суралцах, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Одоогоос 100 жилийн өмнө Засгийн газрын дэмжлэгээр цөөн ч гэсэн монгол хүүхэд залуусаа Францад илгээж, тэд маань эх орондоо эргэн ирж соёлын үрийг тарьж байсантай адил өнөөгийн бид ч хичээвэл оройтоогүй л санагддаг юм.
-Монгол Улс дахь Францын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь ураны салбар байдаг. Сүүлийн үед хөдөө аж ахуй, байгаль орчин, барилга байгууламж зэрэг бусад салбарт хамтран ажиллах саналууд хэр зэрэг байдаг юм бол?
-Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Гадаад харилцааны яам, бизнесийн хүрээнийхэн илүү нарийн мэдээлэлтэй байгаа болов уу. Бага хэмжээгээр хийгддэг жижиг сажиг худалдаагаар бүхнийг дүгнэж болохгүй. Тэдний эрх ашгийг хэрхэн бий болгож чадах вэ гэдэгт л анхаарлаа хандуулбал хариулт нь тодорхой болно. Зөвхөн уул уурхай гэлтгүйгээр эдийн засгаа солонгоруулах ялангуяа хөдөө аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хамтрах боломж бидэнд зөндөө бий. Дайны нөхцөл байдлаас шалтгаалаад шинжлэх ухаан, эрдэм судлалын чиглэлд зарцуулах мөнгө хомс байна гэж европчууд ярьдаг болсон байна билээ. Гэхдээ энэ муухай дайн нэг өдөр дуусна, бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Монгол Францын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа жилээс жилд зузаарч байна. Монгол залуус легионерын алба хаадаг болсон.
-Сүүлийн үед манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал ойр ойрхон давтамжтай болж байна. Э.Макроны хувьд Орос Украины дайныг зогсоох тал дээр нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлж ирсэн. Тэр утгаараа саяхан манай урд хөршид айлчлахдаа Хятадын удирдагчийг ятгасан боловч бүтэлтэй болоогүй талаар дэлхийн томоохон агентлагууд мэдээлсэн. Энэ цаг үед Э.Макрон манай улсад айлчлах гэж байгаа нь олон улсын анхааралд зүй ёсоор багтаж буй. Ялангуяа манай хоёр хөршийн хувьд хэрхэн ажиглаж байгаа бол?
-Өнөөгийн гадаад харилцааны чиглэлээр олж байгаа манайхны амжилтыг дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн дуу хоолой, байр сууриа ойлгуулах талаар зөв бодлого барьж байгаагийн илрэл гэж боддог. Хоёр хөршийн хувьд манай улсын дотоод хэрэг, гадаад харилцааны асуудалд хүндэтгэлтэй хандах биз. Энэ айлчлалын талаарх судлаачдынх нь байр суурийг одоогоор олж үзээгүй л байна. Ямартай ч төр засгийн аль ч түвшинд дайныг дэмжээгүй, энхийг эрхэмлэж байгааг улс орнууд ойлгож хүлээн авдаг гэдэгт итгэдэг. Гадаад харилцааны ямар ч асуудал нэг амьсгаагаар шийдэгдэх нь ховор шүү дээ. Харилцан ойлголцлын хамгийн чухал хэлбэр бол айлчлал. Бие биетэйгээ ярилцаж байж л илүү ойлголцоно. Нэг яриад шийдэгддэг асуудал гэж тэр бүр байхгүй. Дипломат арга ухаан, туршлага гэдэг зүйл хамгийн чухал чадвар болоод байна. Манай хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжсон гээд харилцаа, хамтын ажиллагаа хэвийн сайн гэсэн тодотголтой байгаа нь яалт ч үгүй амжилт шүү.