ГХЯ: “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг боллоо
Жил бүрийн намар уламжлал ёсоор ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб (ЭДК)-ээс зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг энэ 9 дүгээр сарын 20-ны өдөр 25 дахь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв.
Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбооны Төлөөлөгчийн газар, Лаос, БНСУ, Энэтхэг, Япон, Туркийн ЭСЯ-д, Тайландын Өргөмжит консулын газар, Азийн сангийн төлөөлөл, эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 70 орчим нэгж оролцлоо.
Тус арга хэмжээнд оролцсон ГХЯ-ны төлөөлөл, ДТГ-ын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагуудын төлөөлөл, ЭДК-ын гишүүд болон олон нийт улс орнуудын соёл, сурталчилгаа, мэдээлэлтэй танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч үндэсний хоолны амталгаа хийв.

Энэ жилийн арга хэмжээнд ЕХ-ны ТРАМ – экспортыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайханы чиглэлээр кластерын зохион байгуулалтанд орон өргөжин хөгжиж байгаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн тавигдсан байлаа. Мөн Азийн сангийн үйл ажиллагааны хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хувиараа аж ахуй эрхлэгч нар нэгдэн хоршооны зохион байгуулалтанд орсон байсан бөгөөд тэд бүтээсэн зүйлээрээ уг арга хэмжээнд оролцов.
Кластер, хоршооны зохион байгуулалтанд орсноор бүтээгдэхүүн тоо, чанарт урьд урьдаас илүү дэвшил гарч байгааг энэхүү арга хэмжээнээс харах бололцоотой байлаа.
Жил бүрийн энэхүү арга хэмжээний хүрээнд цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж буян бүтээх үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ. Энэ уламжлалын хүрээнд ААН, бизнесүүд харилцан бие биенээсээ суралцах, туршлагаа хуваалцах бололцоог нээж өгдөг.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өдөрлөгт оролцогчдод видео мэндчилгээ хүргэж “Сайн санааны үйлс” арга хэмжээ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг, тухайлбал, ядуурлыг устгах, эрүүл мэндийг болон чанартай боловсролыг дэмжих, мөн жендэрийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж , зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн олон төсөл санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлж ирсэнийг тэмдэглэв. Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо чуулсан “Дэлхийн бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”–аар бизнес эмэгтэйчүүд үнэт зүйлсийг тээгч, тогтвортой хөгжлийн боломжийг бий болгогч, төрмөл бизнес эрхлэгчид болохыг тодотгон тэмдэглэснийг дурдаж, ЭДК нь хувиараа аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчид нартай хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажиллаж байгааг талархан дэмжиж байгаагаа илэрхийлэв.

“Сайн санааны үйлс” арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ Клуб байгуулагдаад өдгөө 27 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд жил бүрийн намар зохион байгуулладаг олон улсын өдөрлөгийн хандиваар манай нийгмийн эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн олон төслөөс 2025 онд Сонгинохайрхан, Хан Уул дүүргийн хүнд нөхцөлд амьдарч байгаа болон уерт нэрвэгдсэн өрхүүдийн цэцэрлэгийн ба сургуулийн насны 61 хүүхдэд Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хичээлийн иж бүрэн хэрэгслэлттэй цүнх бэлэглэж тусласан болохыг дурдав. Мөн Баянзүрх дүүргийн “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газар “Ногоон төв” төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаж энэхүү төслийн гол агуулга нь хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчид, оршин суугч ахмадууд хамтран тасалгааны цэцэг, хүлээмжийн нарийн ногоо тарих, арчилах, үр өгөөжийг нь хүртэхэд оршино. Эдгээр төслүүд ач холбогдолтой, үр дүнтэй байгааг тэмдэглэж, дэмжин хамтран ажилладаг УБ-т суугаа гадаад орны ЭСЯ-д, дотоодын байгууллага, хамт олонд талархал илэрхийлэв.
Хүндэт зочин, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд хатагтай Ина Марчюлёните, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар 2019 оноос хойш энэхүү өдөрлөгт оролцож ирсэнийг тэмдэглэж Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны чухал төслүүдийн нэг бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бараагаа экспортлоход бэлтгэж, дэмжих төсөл гэдгийг тодотгов. Эдгээр төслүүд нь “экспортын кластер” аргачлалыг нэвтрүүлж, Монголын бизнес эрхлэгчдийг шинэ зах зээлд хамтран гарахад нь хэдийнээ гүүр болсон бөгөөд анх импортыг бууруулах зорилгоор эхэлсэн энэ санаачилга өнөөдөр Европын Холбооны зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлж, дэлхийн бусад улс орноос ч сонирхол татсан экспортын түүх болж байгааг онцлов.
Мөн Монголын Гадаад харилцааны яамтай хамтран, Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монголын Ногоон Шошго” санаачилгын хүрээнд Берлин, Фрайбург хотуудад дэлгүүрүүд нээгдсэн бөгөөд удахгүй Брюссельд ч нээгдэх гэж байгаа талаар мэдээлээд эдгээр дэлгүүрүүд нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн урдирдлага болон эзэмшил дор ажилладаг, Европ дахь Монгол чанар, бүтээлч байдал нь бизнес эрхлэлтийн хүрээнд “элчин сайд” болж байгааг сайшаан тэмдэглэлээ.

Өдөрлөгийн үеэр “Цагаан Лавай” чуулга, Лаосын ЭСЯ-ны урлагийн үзүүлбэр үзүүлж сонирхуулав.
