МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэгээ цуцлав
Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК-ийн зүгээс мэдэгдэл гаргажээ. Үүнд, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр буюу ирэх Лхагва гаригийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалж байгаагаа мэдэгджээ. Учир нь Филиппиний хойд хэсгээр /2025.09.22/ энэ оны хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрсөн бөгөөд олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү хар салхи, аадар бороо нь Хонгконг, Тайванийг чиглэж байгаа тул тус хотуудад бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галт тэрэг болон хот хоорондын бусад тээврийг зогсоох, сургуулиудыг хаах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Тиймээс энэ нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлнэ үү.