Ч.Номинг сайд байх үед “Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар, “Фүлхэм” баг руу 1.190 мянган фунт стерлинг, CNN рүү 1.7 сая ам.доллар шилжүүлсэн баримтуудыг ил болгов

175871483068d3dbce20e3f (1)

    ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин Монголыг сурталчлах нэрийдлээр гадаадын байгууллагууд руу төсвөөс 23 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн тухай баримтуудыг Newsroom сайтын сэтгүүлч ил болголоо. Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж, сайдын багцаас:  

-“Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар

-Boston Consulting Group-т менежментийн зөвлөх үйлчилгээнд 1.360 мянган евро

-CNN-д 1.7 сая ам.доллар

-Хөлбөмбөгийн “Фүлхэм” багт 1.190 мянган фунт стерлинг

-Trip.com руу 100 мянган ам.доллар

-BBC-д 500 мянган ам.доллар шилжүүлсэн аж.

 Өнгөрсөн зун сошиалд “Английн “Фүлхэм” багийнханд асар өндөр үнийн дүнтэй төлбөр төлжээ” гэх дуулиан дэгдэх үед Ч.Номин “Монголыг сурталчлах зорилгоор Go Mongolia, Welcome to Mongolia зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Дэлхийн банкнаас энэ төслийг хэрэгжүүлэхэд 500 мянган ам.долларын санхүүжилт хийсэн” гэж сэтгүүлчдэд ярьснаа дараа нь “400 мянган ам.доллараар Дэлхийн банк санхүүжүүлсэн” хэмээн зөрүүтэй мэдээлэл өгч байсан. Дээрх баримтуудаас хэд хэдэн мэдээлэл анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал, “Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар шилжүүлсэн явдал. Ч.Номин ССАЖЗ-ын сайд байхдаа Go Mongolia-г сурталчлахдаа “Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр “Эдэлман” олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, бүтээлч багтай хамтран маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсрууллаа” гэж мэдээлж байв. Харин CNN-д шилжүүлсэн 1.7 сая ам.долларын тухайд, өнгөрсөн долдугаар сард болсон “Монголын эдийн засгийн форум 2025”-д CNN-ийн сэтгүүлч Маик Валерио панелистаар оролцсон бол түүнээс өмнө тус  агентлагийн хөтлөгч, сэтгүүлч Ричард Күэст Монголд ирж манай улсын тухай нэвтрүүлэг бэлтгэхэд Ч.Номин ярилцлага өгч байв.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, сэтгүүлч Ричард Күэст нар хамт авахуулсан зураг ч хэвлэлүүдэд гарч байсан. Тэгэхээр CNN агентлагийн сэтгүүлчдээр Монгол Улсыг сурталчлуулахад 1.7 сая ам.доллар зарцуулсан уу гэдэгт сайд асан Ч.Номин хариулах хэрэгтэй болов уу. Хамгийн ноцтой нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад буюу 2024 оны долдугаар сард Сингапур, Швейцарийг оффшор бүсээс гаргах тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж байсан тухай хэвлэлүүд саяхан мэдээлсэн. Үүнээс хойш гурван сарын дараа буюу 2024 оны аравдугаар сард Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжгийг Сингапурт “Марина Бэй Сэндс” цогцолборт 22 удаа тоглож байжээ. Сингапурыг оффшор бүсээс хассаны дараа “Эдэлман Сингапур” руу 1.5 сая ам.доллар шилжүүлсэн үү гэдэг нь ч анхаарал татна.

Ямартай ч сэтгүүлч олон сарын туршид эрэн сурвалжилсны эцэст Ч.Номинг ССАЖЗ-ын сайд байхад Монголыг сурталчлах нэрийдлээр гадаадын байгууллагууд руу сая, сая ам.доллар шилжүүлж байсан тухай баримтуудыг ил болголоо. Одоо АТГ-ынхан ажлаа хийх ёстой, мөн биз! Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Сингапур, Швейцарийг оффшор бүсээс гаргах тогтоолыг баталсны цаана хэний ямар ашиг сонирхол нуугдаж байсан бэ гэдгийг АТГ-ынхан л шалгаж тогтоох учиртай.

About Author