АН-ын бүлгээс 4 хүн С.Ганбаатарыг хамгаалж, бусад нь нэрээ цэвэрлэхийг зөвлөжээ
УИХ-ын Ардчилсан намын бүлэг өнгөрсөн Даваа гаригт уламжлал ёсоор хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ үер С.Ганбаатарыг яллагдагчаар татсан тогтоолыг прокурорын байгууллагаас хүргүүлсэн талаар ярилцсан байна. Албан бус мэдээгээр АН-ын бүлгийн гишүүдээс Х.Тэмүүжин, Ө.Шижир, О.Алтангэрэл, Б.Жаргалан нар С.Ганбаатарыг хамгаалах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн аж. Бүр гарын үсэг цуглуулъя гэсэн санал ч гаргасан гэнэ.
Харин залуу гишүүдийн зүгээс “С.Ганбаатар хууль зөрчөөгүй бол Монгол Улсын хуулийг хүндэтгэн шалгуулах ёстой. Хууль тогтоох парламентын гишүүд халдашгүй байдал нэрээр хулгай, луйвар хийснээ хаацайлж болохгүй. Монгол Улсын иргэн бүрт хууль тэгш үйлчлэх ёстой. Хэрэв АН даабль стандартыг бий болгох юм бол ардчиллыг хэн хамгаалах юм бэ, иргэдийн тал хэн зогсох вэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө дуудаж шалгасан. Эцэстээ хэрэг үнэн мөнөөрөө тогтоогдож, шүүхээс цагаатгасан. Энэ үед манай бүлгийнхэн намайг нэг ч удаа хамгаалж байгаагүй. С.Ганбаатар хэрэг хийгээгүй бол шалгуулахаас юундаа зугтсан юм бэ. Шалгуулаад шүүхээр үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй” гэсэн шүүмжлэлийг ч хэлсэн байна.
АН-ын бүлгийн гишүүдийн дунд С.Ганбаатарыг Ө.Шижир, О.Алтангэрэл өмгөөлж буй нь Х.Баттулгаас өгсөн даалгавар байж болох ч Х.Тэмүүжингийн байр суурийг их гайхан хүлээж авсан гэх. Ямар ч байсан АН-ын бүлгийн 42 гишүүнээс дөрвөөс бусад нь С.Ганбаатарт хууль энгийн иргэдийн адил тэгш үйлчлэх ёстой гэсэн байр суурийг хэлсэн байна.