Ө.Амаржаргал: Чихрийн шижинтэй хүмүүст зориулж хар, шар лооль тарьж байна

-25092025-1758774402-1074824499-Amarjargal1

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд 21 аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцож нутгийн бренд бүтээгдэхүүнээ худалдаалж буй. Үзэсгэлэнд Дорнод аймгийн Хэрлэн сумын өрхийн тариаланч Д.Амаржаргал 15 сортын улаан лооль, гар аргаар дарсан саримсаа худалдаалж байна. Тэрээр өрхийн тариалан эрхлээд 20 жил болжээ.

Тариаланч  Ө.Амаржаргал хэлэхдээ, төмрөөр баялаг улаан лоолийг энэ жил 25 төрлийн сортоор тарьсан. Үзэсгэлэнд 15 сорттойгоо ирлээ. Чихрийн шижинтэй хүмүүст зориулж хар, шар лооль тарьж, худалдаалж байна. Манайх хавар хоёрдугаар сараас тариалалтын ажлаа эхэлдэг. Уур амьсгалын өөрчлөлт жилээс жилд бидэнд улам хүндээр нөлөөлөх боллоо.

Дулааны улирал арав арван хоногоор хойшилж, тарьц суулгацаа хээр гаргах хугацаа багасаж байна. Хуучин зургадугаар сарын 10-нд гаргадаг байсан бол одоо долдугаар сарыг тулгаж гаргах боллоо. Тиймээс Монголд далд хөрсний аж ахуйг хөгжүүлэх шаардлагатайг хэлж байлаа.

“Намрын ногоон өдрүүд”-д Дорнод нутгийн тариаланчдын тарьж ургуулсан нарийн ногооноос гадна байгалийн амт шимттэй зөгийн бал худалдаалагдаж буй.

Дорнод аймгийн Халхгол сумын “Халхгол уран зөгий” үйлдвэр гурван төрлийн цэвэр зөгийн балаар үзэсгэлэнд оролцож байна. Үйл ажиллагаагаа 1989 оноос эхэлсэн тус зөгийн аж ахуй  100 бүл зөгийнөөс жилдээ 2-3 тонн бал хураадаг аж.

Энэ ням гаргийг дуустал үргэлжлэх үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн сүүн чихэр, Булганы хөхүүрийн айраг, Сэлэнгийн загас, Архангай, Баянхонгорын цагаан идээ, Ховдын тарвас, нарийн ногооноос эхлээд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.

About Author