ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ
Эх сурвалж:Ubn.mn
Өнөөдөр Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн гол үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах, шүүхийн ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагын талаар онцлон дурдав.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад:
• Эцэг, эхийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих;
• Гэрлэлттэй адилтгах хамтран амьдрах харилцаа, нөхөн үржихүйн аргаар хүүхэдтэй болсон тохиолдолд эцэг, эхийн бүртгэлийг тодорхойлох;
• Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, хүүхдийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Мөн гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гэрлэлт цуцлалт, хүүхдийн тэтгэлэг зэрэг хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгохоос гадна өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх журмыг шинэчлэхээр тусгасан байна.

Хэлэлцүүлэгт Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо болон их, дээд сургуулийн төлөөлөл, судлаач, иргэд оролцлоо.