Б.Цогтгэрэл: Б.Энхбаярыг намаас хөөхийг шаардсан өргөдөлд Бага хурлын 100 гаруй гишүүн гарын үсэг зураад байна
Эх сурвалж: ZUV.MN
Хууль зүйн сайдаар томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөх саналыг тус намын Бага хурлын 100 гаруй гишүүн дэсмжин гарын үсэг зуржээ. Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл энэ талаар ярьсан байна.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хүн гүтгэсэн асуудлаар МАН-ын Бага хурлын хэсэг гишүүд намынхаа хяналтын ерөнхий хороонд хандаж байна. Хяналтын ерөнхий хороо бол намын Их хурлаас байгуулагддаг, намын төсөв санхүүгээс эхлээд дүрмийн хэрэгжилт, гишүүдийн ёс зүй, хэрэг зөрчилтэй холбоотой асуудлуудыг хүлээж авч, шийдвэрлэдэг үүрэгтэй бүтэц. Өмнө нь намын гишүүдтэй холбоотой “Ногоон автобусны хэрэг”, төрийн өмчит компаниудын захирлуудын хэрэг гэх мэт олон асуудлаар бид ХЕХ-ндоо хандаж байсан. Энэ удаа ч гэсэн Б.Энхбаяр болон түүнд гүтгүүлсэн гэх тав, зургаан хүний асуудлаар хандаж байна. “Нэг бол Б.Энхбаярыгаа хөө, нэг бол тэр тав, зургаан хүнээ хөө” гэж.
Одоогоор Бага хурлын 100 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зураад байна. Хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол Хяналтын ерөнхий хороо гэдэг бүтэц, байх, байхгүй асуудлыг ярина” гэлээ.