Хадам ээжийнхээ хөрөнгийг завшсан гэх Д.Янжинхорлоод холбогдох хэргийг маргааш нээлттэй шүүнэ

c756708619e6ebc33f21a98810bbcc74

Эх сурвалж:Zuv.mn

Нийслэлийн давж заалдах шатны шүүх МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг маргааш шүүн хэлэлцэхээр болжээ.  

Д.Янжинхорлоог бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Г.Өлзийбаяр, Г.Ичинхорлоо нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж буй аж. 

Тодруулбал, Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах хадам ээж болон нөхрийн дүүгийн 17 тэрбум төгрөгийн үнэ бүхий зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хохирогч тал буруутгасан аж. Хадам ээжийнхээ нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж, өөрийн эзэмшилд шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон байна. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татжээ.  

Дээрх хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал давж заалдсан аж. Уг шүүх хурлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх олон нийтэд нээлттэй хэлэлцэх юм.

About Author