“MCS”-ийн нүүрсийг олборлодог компанийн гүйцэтгэх захирал асан Г.Дамдиннямын хөрөнгө 5 жилд 2 тэрбумаар өсжээ

msc-damdinnym-czx

Эх сурвалж:Eguur.mn

MCS ба “Онтре”-д АМНАТ-ийн давуу эрх олгосон шалтгаанаар Засгийн газрыг огцруулах гарын үсгийг П.Сайнзориг гишүүн өөрийн бланкан дээр цуглуулж эхэлсэн.

Төсөвт АМНАТ-өөс олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан гэх 55-р тогтоолыг 2025.08.20-нд баталсан байдаг. Тухайлбал, ААН тухайн төрлийн бүтээгдэхүүний экспортынхоо дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт экспорт дээрээ биржийн үнэлгээгээр АМНАТ тооцож төлөх заалт тусгагдсан.

Гэтэл бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Төгрөгт шилжүүлбэл, 140 мянган төгрөгөөс давсан зөрүү гарна. Ингэснээр нүүрс экспортлогчид АМНАТ-аас чөлөөлөгдөж байгаа учир шүгэл үлээж байна хэмээн П.Сайнзориг мэдэгдсэн.

“MCS” ба Г.Дамдинням…

Угтаа нүүрс экспортолдог хувийн ганцхан том компани нь MCS-ийн охин компани “Энержи ресурс” юм.

Улмаар 55-р тогтоолд гар бие оролцсон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг MCS компаниас дэмжлэг авдаг учир давуу байдал олгосон байж болзошгүй гэх мэдээлэл хөвөрч буй. Тэгвэл Г.Дамдинням “MCS”-тэй ямар холбоотойг хүргэе.

Г.Дамдинням “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. “MCS” группээс дэмжлэг хүртэгсдийн нэг гээд шуудхан хэлж болохуйц. Сайд болсныхоо дараа “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа гэж бичигдсэн ч удаа бий.

-Хоёр удаа сонгогдсон, хоёр компаниар холбогдсон Г.Дамдинням, Х.Ганхуяг хоёр-

Г.Дамдинням “Вертекс майнинг партнер” ХХК-ын хувь эзэмшлээс 2018 оны наймдугаар сарын 02-нд хасагдсан. Өдгөө Глобал Майнинг Сервис гэх компани хувь эзэмшиж УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг гүйцэтгэх захирлаар, ээж П.Бямбасүрэн нь эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй.

Харин хамгийн сүүлд /2024 он/ АТГ-д мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад “Топ майнинг солюшнс” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг хэмээсэн. Тус компани мөн л Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнгийн эцсийн өмчлөл, гүйцэтгэх захирлаар ах Х.Гантулга нь бүртгэлтэй байна. Г.Дамдиннямын хамаарлыг тодруулан харвал 2018 оны 11 сарын 14-нд хувь эзэмшлээс хасагджээ. Дээрх хоёр компаниас нэрээ хасуулсан огноо бол түүний гишүүн болохоор зэхэж явсан цаг.

УИХ-ын хоёр гишүүн 2017 онд байгуулагдсан дээр нэр дурдагдсан хоёр компаниар ийн холбогдож байна. Мөн “Вертекс майнинг партнер” ХХК-даа Хөгжлийн банкнаас 33 тэрбумын санхүүжилтыг хууль зөрчиж авсан хэмээн тэд шалгагдаж явсан. Гэсэн ч шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв.

Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёул 2020 оноос хойш УИХ-ын гишүүний суудалд тухалсан. Х.Ганхуяг гишүүн Төсвийн байнгын хорооны даргаар, Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллаж буй нь энэ.


Үргэлжлүүлэн Г.Дамдиннямын ХОМ-ийг сөхөж харвал сүүлийн таван жилд үлэмж нэмэгджээ.

2019, 2024 онд АТГ-д мэдүүлсэн ХОМ-ийг харьцуулан харахад,

  • Нийт орлого нь 870 саяар нэмэгдэж 1.1 тэрбум,
  • 975 сая төгрөгөөр үнэлэгдэх хаустай болсон,
  • 2019 онд машингүй гэж мэдүүлж байсан ч, 2024 онд 300 саяар үнэлэгдэх Land Criuser 300 хөлөглөж,
  • 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болж,
  • Дотоодын банкны хадгаламж нь 16 саяар буурч 41 сая төгрөг,
  • Гадаадад буй хадгаламж нь 35 саяар өсөж 65 сая төгрөг,
  • Авлагын хэмжээ нь 100 саяар өсөж 2.9 тэрбум болсон байна.

Нэгтгээд харвал 2 тэрбум гаруй төгрөгөөр хөрөнгө нь тэлсэн гэсэн үг юм.

About Author