П.Сайнзориг “шүгэл үлээгээгүй” бол Г.Занданшатарын 55-р тогтоол төсвөөс 2 их наяд 400 тэрбум төгрөг “хулгайлах” байжээ

557597598_1127968829535317_4305362305247289113_n

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

УИХ-ын гишүүн П.Сайнзориг өчигдөр Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихаа зарлачихлаа. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах хоёр гол үндэслэлийн нэг нь түүний “шүгэл үлээсэн” 55-р тогтоол юм байна. Он дуустал хэрэгжих уг тогтоолыг П.Сайнзориг гишүүн “Том компани, том бизнесийн эрх ашгийн төлөө” гаргасан шийдвэр хэмээн шүүмжилж буй. Шуудхан хэлэхэд  Монголын нүүрсний экспортод цор ганц монополь хувийн компани болох MCS-т л ашигтай тогтоол болчихсон аж.

Ерөнхий сайд Г.Занданшатар,  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хоёрын  Үндсэн хууль болон хэд хэдэн хууль зөрчиж гаргасан энэ тогтоол ирэх 12 дугаар сар дуустал хэрэгжсэнээр төсөвт орох ёстой 200 тэрбум төгрөг “салхинд хийсчихжээ”.  Түүнийг шүгэл үлээж эхлэнгүүт Г.Дамдинням сайд “Энэ удаа битгий дэлгэ л дээ, нэг л удаа өнгөрөөчих” гэсэн утгатай үг хэлж гуйж гувшиж байсан гэнэ. П.Сайнзоригийн энэ үгнээс анзаарахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдтай хуйвалдаж хууль зөрчсөн тогтоол гаргаснаа мэдэхийн цаагуур мэдэж байж.

 Г.Занданшатарын хувьд улстөрийн карьертаа цэг тавьчихсан байхад нь лифтэнд суулгаж Ерөнхий сайдын суудалд залсан MCS -т ач санаж энэ тогтоолыг баталсан болж таарч байна. Г.Дамдиннямын тухайд Ж.Оджаргалын  улстөрд бэлтгэж оруулсан УИХ-ын гишүүн гэж хардагддаг. Тэр утгаараа MCS-ийн охин компани “Энержи ресурс”-т илтэд үйлчилсэн энэ тогтоолд гарын үсгээ дуртайяа зурсан нь ойлгомжтой.

 Г.Занданшатарын 55-р тогтоолтой холбоотой анхаарал татах нэг мэдээлэл чих дэлсч байна. Нүүрс экспортлогч том компанид тэрбум тэрбумын ашиг өгсөн Г.Занданшатарын 55-р тогтоол өмнөх засгийн газрыг огцруулах нэг том шалтгаан байсан хэмээн улстөрд ойр эх сурвалж онцоллоо. Биржийн хуулийн дагуу нүүрсээ биржээр арилжаалах сонирхол гурван үсэгтэй компанид анхнаасаа байгаагүй аж. Биржээр арилжаалахаар “Энержи ресурс”-ийн хүртэх ашиг багасч, эсрэгээрээ Баялгийн санд дажгүй мөнгө төвлөрч эхэлсэн байна. Тодруулж хэлэхэд Баялгийн санд одоогоор 1.5 сая ам.доллар хуримтлагдсан нь нүүрсээ биржээр арилжаалж эхэлсний үр дүн гэж албаныхан онцолж буй. Баялгийн сангийн мөнгө иргэдэд очно гэдгийг энэ дашрамд онцолъё.

 “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан УИХ-ын гишүүн Н.Золжаргал “Наймаа хийж байгаа ямар ч хүн хямд авахыг бодно. Үүний эсрэг, цөөн хэдэн хүний гарт орохгүйн тулд Монгол улс Биржийн тухай хуулийг баталсан” хэмээн ярьж байсан удаатай.  Харамсалтай нь нүүрс экспортлогч гурван үсэгт компани нүүрсийг биржээр арилжаалах шийдвэрт анхнаасаа л тун дургүй байж. Тэд нүүрсээ биржээр зарахгүй гөжүүдэлж, олборлосон нүүрсээ экспортлолгүйгээр хав дарж  эхэлжээ.

 “Энержи ресурс” олборлосон нүүрсээ ийн хав дарж, нүүрсэн овоолго үүсгэх зуур MCS зохион байгуулалттай жагсаалынхаа эхний сериалыг амжилттай найруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасан юм. Ухаа худагийн өгөөж ганц компанид биш нийт монголчуудад  очих ёстой гэж мэдэгдснийхээ төлөө огцорсон залуу Ерөнхий сайдын орыг залгасан хүн бол “MCS”-ийн гэх шошгыг хэдийнэ зүүчихсэн яваа Г.Занданшатар. MCS-т  илт “найр тавьсан” 55-р тогтоол батлагдсаны цаана ийм л шалтгаан байгаа аж. Тогтоол батлагдангуут “Энержи ресурс” хав дарсан нүүрсээ их хэмжээгээр экспортолж эхэлжээ.

 Ийнхүү экспортод гарах  нүүрсийг биржээс бултуулж дөрөвхөн сар Хятад руу зөөхөд л хэдэн зуун тэрбумын ашиг ганц компанийн халаасанд орчихож байна. Г.Занданшатарын энэ шийдвэр 12 дугаар сарын 31 хүртэл буюу он дуустал хэрэгжих юм. Мань эр Засгийн газрын тэргүүн хэвээр байвал 55-р тогтоолоо сунгах нь тов тодорхой асуудал. Бүр тодруулж хэлбэл Г.Занданшатар 2028 он хүртэл Ерөнхий сайд хийвэл тэр хүртэл хугацаандаа MCS-т “хайр зарласан” энэ шийдвэрээ үргэлжүүлнэ гэсэн үг. Дөрөвхөн сарын дотор нүүрсний АМНАТ-ыг багасгангуут 200 тэрбум төгрөг улсын төсөвт оролгүй алга болчихож байна. Тэгвэл гурван жил буюу 36 сарын хугацаанд 2 их наяд 400 тэрбум төгрөг төсөвт оролгүй хийсэн одох байж. Бүр тодруулж хэлбэл “хийсэн одох” тэр мөнгө нүүрс экспортлогч монополь компанийн халаасанд орно гэсэн үг. П.Сайнзориг гишүүн “шүгэл үлээгээгүй” бол Ерөнхий сайдын 55-р тогтоол ийм том балгийг Монголын эдийн засагт тарих байжээ.

About Author