БАРИМТ: 2022 онд “Бодь“-той байгуулсан Богдхан төмөр замын нүүрсний гэрээгээр 734 сая ам.долларын төлбөрийг НҮҮРСЭЭР хийхээр ТОХИРЧЭЭ
Эх сурвалж:Ubn.mn
Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2025.10.09/ хуралдаж, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусад хуулийн этгээдтэй 2020-2022 онд “Нүүрс нийлүүлэх гэрээ”-ний хүрээнд байгуулсан гэрээ, тэдгээрт холбогдох мэдээллийг компанийн цахим хуудаст нээлттэй байршуулж эхлээд байна. Тэгвэл одоогоор ил болгосон нууцлал бүхий 40 гэрээнээс Бодь Интернэшнл ХХК-тай ДАНГААРАА байгуулсан хоёр гэрээ байгаагийн нэг нь Богдхан төмөр замын санхүүжилтийн хүрээнд хийсэн нүүрсний гэрээ юм.
Эл гэрээг 2022 оны зургаадугаар сарын 27-нд байгуулжээ. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгой ХК-ийг төлөөлж тухайн үед тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нөгөө талаас Бодь Интернэшнл ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь гарын үсэг зурж, гэрээлжээ.
Энэхүү гэрээгээр Богдхан төмөр замын туннел, эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт барилгын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүн болох 734 сая 619 мянган ам.долларын төлбөрийг нүүрсээр барагдуулахаар тохиролцсон аж. Үүний задаргааг гэрээний хавсралтаас харахад, 2022 онд 61 сая ам.доллар, 2023-2026 онуудад жил тус бүр 146 сая ам.долларын төлбөртэй тэнцэх нүүрсийг нийлүүлэх бол 2027 онд 85 сая ам.долларын нүүрсийг нийлүүлэхээр тусгажээ.