Л.Оюун-Эрдэнэ: 2024 оны сонгуульд МАН дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Харамсалтай нь сандал, суудлын хэрүүл хийсээр онигоотой байдалд ороод байна

oyd

Эх Сурвалж:ikon.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ерөнхий сайд Г.Занданшатар болон өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас асуулт асуув. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдаас огцорсны дараа анх удаа олон нийтэд ил гарч, ам нээсэн нь энэ байв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Өчигдрөөс эхлээд цахим орчинд оффтэйк гэрээ гэдэг зүйл нэлээн явлаа. Судлаад үзтэл шинэ юм биш байна.

Анх төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Хэнээр бариулах болсон бэ. Тэрхүү шийдвэрийг нууцад оруулах шийдвэрийг хэн гаргасан. Үүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар болон өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Би дуугай л яваад байлаа. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг байна. Уг нь 2024 оны сонгуульд МАН дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй. Харамсалтай нь сандал, суудлын хэрүүл хийсээр онигоотой байдалд ороод байна. Би нэлээн материалтай ирсэн. Ийм зүйл болно ч гэж бодсон. Аливаа зүйл баримттай байх ёстой. Цахим ертөнцөөр бие биеэ харлуулдаг байж болохгүй.

Нүүрсний оффтэйктэй холбоотой асуудал яагаад үүссэн бэ гэхээр 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. Тухайн үед анх удаа Монгол Улсад Эдийн засгийн хөгжлийн сайдтай холбон. Гааль дээр нүүрсний борлуулалт яваад байгаа хэр нь валют орж ирэхгүй байсан. Үүнийг Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар олж харсан.

Оффтэйк буюу урьдчилан зарсан нүүрээ гаргаад валют олж ирдэг нүүрээ гаргахгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ингээд оффтэйк гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн ил болгосон л гэрээнүүд байсан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргадаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Шууд гэрээ хийх, худалдан авалттай холбоотой асуудалд тагнуулаас бичиг авахын тулд зөвлөмж гаргадаг. Тагнуул үүнийг нууц гээд үзчихдэг. Тиймээс ҮАБЗ-ийн зөвлөмжийг ч гэсэн ил болгох ёстой.

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг. Тагнуулын Ерөнхий Газрын саналыг үндэслэж Засгийн газраас төрийн нууцад авах шийдвэрийг гаргадаг. УИХ гүйцэтгэх засаглалын ажил хийдэггүй. Хууль зүйн үндэслэлийн дагуу л энэ асуудал шийдэгдсэн.

About Author