Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгожээ
Нийт шүүгчийн III чуулган энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан, Нийт шүүгчийн II чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилт, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газар, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн танилцуулгатай танилцсан байна.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн 15 хүн дэвшиж буй үндэслэл, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганд оролцогчдын асуултад хариулснаар санал хураалт эхэлсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний санал хураалтад 479 оролцсоноос Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч н.Жанчивнямбуу нарыг олонхын саналаар сонгосон байна.
Анхан шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшигч Н.Одонтуул, Л.Өлзийжаргал нарын дунд дахин санал хураалт явуулж, 464 хүн саналаа өгснөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргалыг олонхын саналаар сонгосон байна.