Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийнэ
Эх сурвалж:24tsag.mn
Олимпын аварга Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийхээр болсон талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”- ийн хяналтын шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч М.Бөхбат цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр:
“Чехийн домогт жүдоч Лукас Крпалекын тухай “Зөөлөн тулаанч” (The Gentle Fighter) кинонд продюсер хийж ажилсан Доктор Б.Пагва дараагийн уран бүтээлээ Монголын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын амьдралд зориулан хийхээр төлөвлөж байна.
Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллана.
Төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой юм ” гэжээ