Э.Болорчулуун нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарт холбогдох хэргийг хохирогч Б.Булган, шүүгдэгч Э.Солонгын өмгөөлөгч Ж.Гантулга, хохирогч А.Эрдэнэбулган, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран, хохирогч Б.Хүндэтбаатар, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамран, хохирогч Ж.Баасанжав, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран, хохирогч С.Баянмөнх, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарын хамтран, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар 13-ны өдөр хянан хэлэлцлээ.
Э.Болорчулуун нарын 3 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хохирогчид, тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.