С.Батжаргал: Увс аймаг 2030 он хүртэл ”Мянгат малчин” цол олгохгүй. Цагаан сар болохоор л Мянгат малчны тууз зүүж өгч, баярын бичиг гардуулж ирсэн нь буруу хөшүүрэг байжээ
Увс аймаг 2030 он хүртэл ‘Мянгат малчин’ цол, шагнал олгохгүй гэдгийг тус аймгийн Засаг дарга С.Батжаргал мэдэгджээ. Тэрбээр “Манай аймагт бэлчээрийн даац хамгийн багадаа 2.5 дахин зарим газарт дөрөв дахин хэтэрсэн. Зарим газраар дөрөв дахин хэтэрчихсэн байгаа. Энэ нь бидний ”Мянгат малчин” гэдэг цол олгосонтой холбоотой юм байна. Цагаан сар болохоор Сумын Засаг дарга “Та Мянгат малчин боллоо” гээд тууз зүүж өгч, Баярын бичиг гардуулж ирсэн нь маш буруу хөшүүрэг байжээ. Бид тоон дээр л анхаардаг болсон байна. Тиймээс манай аймаг малын чанарт анхаарахаар Аймгийн Засаг даргын Захирамж гаргаж байна.
Захирамжаар, “Мянгат малчин” цолыг 2030 он хүртэл таван жилийн хугацаатайгаар Увс аймгийн нутаг дэвсгэрт зогсоож байна. Хоёрдугаарт, Улсын аварга малчин болох тодорхойлолтууд сумдаас ирдэг. Аймаг 700 толгой малаас дээш малтай айл өрхийг Улсын аварга малчны шагналд тодорхойлж явуулахгүй. Яагаад гэвэл чанар биш тоонд анхаардаг малчин байна.
Гуравдугаарт, 500 толгойгоос дээш малтай өрхийг Аймгийн аварга болгохгүй. Юун дээр шалгаруулалт хийх вэ гэхээр нэгж малаас гарч байгаа мах, сүү, ноос, ноолуур зэрэг ашиг шимийн үзүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ гэдэг дээр нь анхаарна” гэлээ.