Засгийн газар төрийн тендерийг бизнесмэнүүдэд “өмчлүүлэх”-ээ зарлав
Төр цаашид хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гэдгийг “Топ 100” тодорхой харуулав. Бүтэн 21 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн энэ арга хэмжээ одоо л голдрилдоо орж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд жинхэнэ өрсөлдөөний талбарт гарч ирлээ хэмээн дүгнэж болохоор боллоо. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд болсон даруйдаа анх удаа төрийн өмчит үйлдвэрүүдийг өрсөлдөөнөөс хасах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 22 дахь удаагийн “ТОП 100” –г шалгаруулахдаа зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шилдгээр өргөмжилснөөрөө онцлогтой байв. Шалгаруулалтад анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг эрмэлзсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгосон. Гарааны бизнес эрхлэгч, шинэ технологи нэвтрүүлэгч зэрэг шинэ цагийн шилдэг санааг Засгийн газар ийнхүү үнэлж эхэлсэн нь залуучуудад маш их итгэл, урам зориг болж байгаа нь гарцаагүй. Монгол Улсын Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрээд буй. Энэ бол Монгол Улсын ДНБ-ий 74, нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг топ аж ахуйн нэгжүүдийн эдийн засагт үзүүлдэг жин, нөлөө. Засгийн газар хувийн хэвшлийнхэндээ ямар байдлаар анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх учиртайг дээрх тоон үзүүлэлт хангалттай илтгэнэ. Тийм ч учраас Засгийн газар тэдэнд чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлэн хэрэгжүүлснээр хувийн хэвшлийнхний итгэлийг сэргээхэд чухал түлхэц үзүүлж байна хэмээн салбарынхан сайшаан, дүгнэж эхэлжээ.
“Засгийн газраас боловсруулан, УИХ-аар батлан гаргаж буй бүх хуулийн хүрээнд хувийн хэвшлийнхнийг дэмжинэ” хэмээн хоосон зарлаагүйн илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль юм. Энэ хуулийн хүрээнд албан тушаалтан, улстөрчдийн эрхийг хязгаарлаж байгаа мэт боловч гол зорилго нь хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байгаа. Энэ хуулийг баталснаар улстөрч болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал дуусгавар болж, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэнд чөлөөт өрсөлдөөний талбар болж очно. Нийгэм тэгш эрхийг хүсэж, шаардах болсон энэ цаг үед Ерөнхий сайдын өргөн барьсан дээрх хуулийг олон нийт алга ташин хүлээж авсан. Учир нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын боломжийг хулгайлагсдын түүх, баримт ар араасаа хөвөрч байгаа нь ард түмний бухимдлын гол шалтгаан болоод удаж буй. Ерөнхий сайдын УИХ-д өргөн барьсан “цаг үеийн мэдрэмжтэй” хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс аливаа тендер, зээл, тэтгэлэгт хөтөлбөр, тусламж, батлан даалтад хамрагдахгүй гэдгийг тусгайлан зааж өгсөн нь өнгөрсөн хугацаанд үүссэн тэгш бус байдлыг арилгах гэсэн Засгийн газрын, Ерөнхий сайдын бодит хүсэмжлэл, илэрхийлэл байлаа. Цаашид төрөөс шалгаруулдаг шилдгийн тавцанд төрийн өмчит компаниуд шил даран жагсах бус татварын хэмжээ, нийгмийн даатгал төлөлт, шинээр бий болгосон ажлын байрныхаа тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн аж ахуйн нэгжүүд бодит бүтээмжээрээ ТОП-ын тавцанд зогсох боломж бүрдлээ. Үүгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрд шургалсан эрх ашгийг тушиж, бизнесийн зарчмаа барьж ажилладаг хувийн хэвшлээ тулж ажиллахаа ийн зарлав. Энэ нь цаашид Засгийн газар төрийн тендерийг бизнесмэнүүдэд “өмчлүүлнэ” гэсэн үг юм. Товчхондоо, улстөрчид бус бизнесмэнүүд жинхэнэ утгаараа бизнесээ хийх хэрэг ээ.