Б.Саранчимэг: Дундговь аймгийн Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад яаралтай авах шаардлагатай

0

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Дундговь аймгийн Цагаансуваргыг яаралтай тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар хөндлөө. Тэрбээр, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байна аа. Төлөвлөгөөний төслөөс тодруулах зүйлүүд байна. Төлөвлөгөөний төслийн 4.1.1.4.-д “Дундговь аймгийн Цагаансуваргад  Палеонтологийн нөөцөд тулгуурлан “Аялал-Судалгаа-Амралт”-ын цогцолбор байгуулах” арга хэмжээ орж ирсэн байна. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт  байдаг  нэн өвөрмөц, үзэсгэлэнтэй байгаль бол Цагаан суварга. Сүүлийн жилүүдэд Цагаан суваргад ирэх гадаад, дотоодын жуулчид ихээр нэмэгдэж байгаа. Жилд дунджаар 50 мянга гаруй жуулчин ирдэг гэсэн тооцоо байна. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсгэж байна. Дундговь аймгийн ИТХ-ын 2019 онд Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоцыг хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн. Засгийн газраас ч Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байгаа. Иймээс эхний ээлжинд яаралтай тусгай хамгаалалтанд авах шаардлагатай байна. Ингэснээр хуулиар хамгаалалтанд орж, тодорхой хязгаарлалтууд гарах учраас байгалийн өвөрмөц тогтоцоо хамгаалах боломжтой болно гэдгийг хэллээ. Мөн Төлөвлөгөөний төслийн Ногоон хөгжил гэсэн 8 дахь тэргүүлэх чиглэлийн 8.1.1.1., 8.1.1.2 –ыг уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа дурьдаад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготой байгаа. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах хамгаалалтын зурвас газрыг тэргүүн ээлжинд хамруулах шаардлагатай байгааг  онцоллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *