УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ц.Чулуунзагдаас уучлал гуйхыг шаардав

oyunbileg-810x500

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд нь халдсан асуудалдаа уучлал гуйх шаардлагыг өмгөөлөгч Б.Оюунбилэг тавьжээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг ажиллаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хүргүүлсэн шаардлагадаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь 2025 оны аравдугаар сарын 9-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан манай үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын талаар ор үндэслэлгүй, илт худал мэдээллээр гүтгэж түүний нэр төрийг гутаах, нийгэмд шүүхийн бус журмаар иргэнийг яллах ноцтой үйлдлийг удаа дараа гаргалаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь “Танд Ц.Чулуунзагдыг хүн амины хэрэгт холбоотойг нотлох баримт байгаа юу” гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Талийгаач Хасбаатар нь маш их мөнгөтэй дансандаа хэдэн арван тэрбумтай хүн байсан. Хасбаатарын гарын үсгийн дардас Ц.Чулуунзагдын гэрээс гарч ирсэн. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийж байсан эсэхийг Авлигатай тэмцэх газар /АТГ/шалгаж байгаа. Өмгөөлөгч нь тийм зүйл байхгүй гэж байгаа ч Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах процессын хуулиар хавтаст хэргээ шалгасны дараа өмгөөлөгчид танилцуулдаг” зэрэг илт худал мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

АТГ мэргэжлийн хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Мөрдөн шалгах ажиллагаа түүнд хамаарах нууцад төрийн өндөр албан тушаалтан хэн ч бай хөндлөнгөөс нөлөөлөх оролцохыг хуулиар хатуу хориглосон хуулийн заалт бий. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэргийн материалтай танилцсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй болно.

ЭХХШТХ-ийн 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн өөрчлөлтөөр өмгөөлөгч нь яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг танилцуулдаг болсон бөгөөд энэ үед өмгөөлөгч би холбогдох гол баримтуудтай танилцсаныг Б.Энхбаяр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй болно.

Талийгаач БНХАУ-ын иргэний нас барсан шалтгаан нь гэмт хэргийн шинж чанаргүй гэх хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт хэдийн гарсан талаарх цагдаагийн байгууллагын хариу албан бичиг нийтэд ил болсон байтал “Талийгаач Хасбаатар нь маш их мөнгөтэй. Дансандаа хэдэн арван тэрбумтай хүн байсан гэх мэтээр хэргийн нууцтай танилцсан хүний дүр эсгэж хуурамч хэргийн зохиол гарган миний үйлчлүүлэгчийг хүн амины хэрэгт гүтгэн нэр төрд нь хууль бусаар халдаж, илт худал мэдээллийг нийгэмд тарааж шударга хүний дүр эсгэж өөрийн нэр төрөө өсгөх хэрэгсэл болгож буйд харамсаж байна.

АТГ-аас Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нэгжлэгийн ажиллагаа явуулахад хурааж авсан эд зүйлд нотлох баримтын үзлэг хийх үед өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар байлцсаны хувьд Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байрнаас ямар нэгэн гарын үсгийн дардас олдоогүйг урьд мэдэгдэлд дурдсан болно.

Мөн аливаа банк санхүүгийн байгууллага нь иргэний харьяалал үл хамааран хувь хүний гарын үсгийн дардсаар гүйлгээ хийдэггүй. Нас барсан хүний гарын үсгийн дардасыг ашиглаж аливаа нэгэн гүйлгээ хийх боломжгүй.

Иймд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Б.Энхбаяр та худал хуурмаг үйл ажиллагаагаа зогсоохыг хүсч, миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйна гэдэгт итгэж байна.

Шаардлагатай бол бид шүүхэд хандаж, Ц.Чулуунзагдыг удаа дараа гүтгэснийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно гэжээ.

About Author