Б.Энхбаярын эхний томилгоо нь Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилох уу
Эх сурвалж: Analiz.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ёслол төгөлдөр томиллоо. Энэхүү томилгоог өнөөдөр (2025.10.24) Төрийн далбаан дор ёслол хүндэтгэлтэйгээр хийв. Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо анх мэдэгдэхэд УИХ тэдний өмнө хаалгаа түгжсэн бол 24 хоногийн дараа нээсэн юм. Б.Энхбаяр ийнхүү Г.Занданшатарын “илд” болов. Тэрбээр энэ Засгийн газрын хамгийн их “гал” дуудсан сайд байх нь тодорхой. Б.Энхбаяр “Сайдаар томилогдсоныхоо дараа улс төрийн мэдэгдэл хийнэ” гэж хоёр ч удаа мэдэгдсэн. Тиймээс олон нийт түүний улс төрийн мэдэгдлийг хүлээж буй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өнөөдөр “Би ялагдахгүй” гэж хэлсэн Б.Энхбаярт Ерөнхий сайд Г.Занданшатар “Ёс зүйг дээдэлж, шударга ёсыг сахиулахдаа хуулийг дээдэлж, хүн хэлмэгдүүлж болохгүй” хэмээн захилаа. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын эхний томилгоо нь ЦЕГ-ын даргыг өөрчлөх үү. Учир нь ЦЕГ-ын даргаар Хэнтийн цагдаа нарын нэг Т.Сүхболд ажиллаж байгаа. Тиймээс “Б.Энхбаяр хамгийн түрүүнд ЦЕГ-ын даргыг өөрчлөх байх” гэсэн таамаглал бий. Тэрбээр Т.Сүхболдыг чөлөөлж, оронд нь хэнийг томилох бол. Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байгаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт тойрохоо зуруулсан Р.Чингисийг томилох уу гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн нэгдүгээр сард “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байна” гэж хэлсэн.
Р.Чингис Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийг няцааж, хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байв. Харин энэ явдлын дараа Б.Энхбаяр УИХ-ын байнгын хороон дээр “Л.Оюун-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын дарга асан Р.Чингис Засгийн газрын эсрэг жагсаалыг санхүүжүүлсэн мэт ноцтой мэдэгдлийг олон нийтэд хийсэн. Би гайхаж, цочиж хүлээж авсан. Төрийн эргэлт хийхийг завдсан мэт мэдэгдэл. Би итгээгүй. Энэ салбарын сайдаар ажиллаж байсан, Р.Чингис генералын зам мөрийг зах зухаас нь мэдэх хүний хувьд итгээгүй. Гэхдээ “Ийм далд нууц мэдээлэл байдаг л юм байх даа” гэж бодсон. Хэрэв тэр мэдээлэл үнэн бол Р.Чингис “Төрийн эргэлт хийх гэсэн” гээд өдийд цагдан хоригдчихсон байгаа. Онц ноцтой, 20 жилийн ялтай хүнд гэмт хэрэг шүү дээ. Генерал хүний зам мөр, нэр төр, үр хүүхэд нь байна. ЦЕГ-ын дарга байсан хүн. Р.Чингис генералыг би Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж баривчлах бодитой үйлдэл хийсэн хуулийн байгууллагын цорын ганц дарга гэж хардаг.
“Баянгол” зочид буудал дээр жагсаал болж байлаа. Тэгэхээр би үүнийг “Жагсаалаар далимдуулж Р.Чингисээс улс төрийн өшөө авсан” гэж үзэж байгаа. Энэ бол миний улс төрийн хардлага. Хэрэв Ерөнхий сайдад тийм түвшний мэдээлэл байгаа бол гүйцэтгэх буюу улсын нууц задруулсан хэрэгт орно. Мэдээлэл задруулсан бол улсын нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэн болно. Аль эсвэл тэр хүн ял авах ёстой” хэмээн хэлж байв. Р.Чингис генералыг албан тушаалаас нь чөлөөлсөн Л.Оюун-Эрдэнэ, Т.Сүхболд нарын шийдвэрийг шүүх хүчингүй болгосон. Тэгэхээр Г.Занданшатарын “Илд” болсон Б.Энхбаярт хүчтэй баг хэрэгтэй. Тэрбээр баг бүрдүүлэх ажлаа ЦЕГ-аас эхэлж, Р.Чингисийг даргаар нь томилох болов уу…