ЖАГСААЛ: “Хүний амь нас эрстэж, эрүүл мэндээрээ хохирвол эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмээгүй төр хариуцаарай” гэв

zv8u23_MPA43841_x800 (1)

Эх сурвалж: ikon.mn

Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувь бус 3.5 сая төгрөгт хүргэхийг дахин шаардаж, ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Шөнөжин ээлжинд гарч 24/24 цагийн тулаа хийгээд өглөө нь хүйтэн цемент дээр энэ олон хоног сууж байхад төр засаг нүд нь сохор, чих нь дүлий мэт байлаа. Иймд эмч ажилтнууд ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Салбарын сайдын зүгээс бидний цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ гэж ярьсан. Гэвч 200-хан мянган төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд бид жагсаал цуглааныг эхлүүлээгүй хэмээн жагсагчид байр сууриа илэрхийлэв.

Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлээс мэдээлэхдээ “Бид суулт зарлаад найм хонож байхад УИХ, Засгийн газраас төлөөлж нэг ч хүн гарч ирсэнгүй.

Одоог хүртэл шаардлагынхаа хариуг авч чадаагүй явна. Энэ бол эрүүл мэндийн салбарынхныг үл тоож байгаагийн илрэл.

Үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөөх тэмцэл хөдөлгөөн маань аравдугаар сарын 9-нөөс хойш үргэлжилсэн. Жагсаалд 10,000 гаруй эмч ажилтны төлөөлөл оролцсон. Улаанбаатар хотоос гадна аймаг, сумдыг өргөн хүрээнд хамарч тэмцэл хөдөлгөөн өрнөж байгаа.

Монгол Улсын Засгийн газар, УИХ, Эрүүл мэндийн сайдад хандан:

Үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх

Эрүүл мэндийн санхүүжилтийг ДНБ-ний зургаан хувьд хүргэх

Эмнэлгийн ажилтнуудын иж бүрэн нормын хувцсаар хангах

Эмнэлгүүдийн урсгал засварын зардлыг Улсын төсөвт тусгах шаардлагуудыг тус тус тавьж, хариу өгөхийг шаардсан.

Гэвч төр, засаг үл ойшоосон хандлага гаргалаа” гэв.

“Бид нарын цалинг л нэмчихвэл ажил хаяхгүй ээ”

Үргэлжлүүлэн “Эрүүл мэндийн салбарт хамгийн эхэнд цалин хөлсний асуудал хөндөгдөж байна.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал маш чухал байр суурийг эзэлнэ. Халдвартай, хортой нөхцөлд ажиллаж буй олон эмч ажилтан бий. Тэд иж бүрэн нормын хувцас өмсөх ёстой байтал ийм хувцсаар ч хангахгүй байна.

Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт ажлын байрны дарамт их. Удирдлага гэхээс илүү үйлчлүүлэгчдийн дарамт маш их. Үйлчлүүлэгчдийн дарамт юунаас үүдэлтэй вэ гэвэл эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой.

Дөрөвдүгээрт, өвдсөн, бухимдсан, ядарсан, зовсон хүмүүс ирж эмнэлгээр үйлчлүүлж байна. Тэднийг зохицуулахын тулд манай эмч ажилтнууд заримдаа сэтгэл зүйчийн ажлыг ч хийж байгаа. Энэ бүхэнд эрүүл мэндийн салбарынхны тогтолцооны гажуудал байна.

Энэ мэтчилэн асуудлаас үүдэн ажлаас халшрах хам шинжид нэрвэгдэх боллоо.

Ажлын ачаалал маш их ч авдаг цалин байхгүй.

Өндөр цалин авч байгаа гэж манай салбарын сайд ярьсан. “3.5 саяын цалин авч байгаа хүмүүс ч бий” гэж ярьжээ. Тэр хүмүүс идэх хоол, унтах нойроо хасаад үр хүүхэд дээрээ очиж чадахгүй хонон өнжин ажиллаж, эрүүл мэндээрээ хохирч байж илүү цагийн мөнгөө олж авдаг юм аа.

Тэр бол үндсэн цалин биш, эрүүл мэндээрээ хохирсныхоо шанг л авч байгаа юм зайлуул.

Өөрсдөө эрүүл мэндээрээ хохироод үлддэг, богино насалдаг салбар гэдгийг ойлгох ёстой” хэмээн хэлэв.

Хэвлэлийн хурлын төгсгөлд “Бид нарын цалинг л нэмчихвэл ажил хаяхгүй ээ. Ажил хаялтын процесс эхлээд таван өдрийн дотор төр засаг бидний асуудлыг авч хэлэлцэн, яаралтай шийдэхгүй бол яг АЖИЛ ХАЯЛТ руу орох гээд байна шүү.

Бид маш онцгой нөхцөлд хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг хүмүүс. Хүний амь нас эрстэж, эрүүл мэндээрээ хохирвол эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмээгүй төр хариуцаарай” гэж Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэл байр сууриа илэрхийлж байна.

About Author