ХОХИРОГЧ: Шашны гаж урсгалаас болж ээж минь амиа алдсан
Эх сурвалж: Newspress.mn
Христийн шашны байгууллагын (Шинэ тэнгэр урсгал) үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэд мэдээлэл өглөө.
Хохирогч иргэн “Миний ээж 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Шинэ тэнгэр урсгал буюу Монголд үйл ажиллагаа явуулдаг нэр нь “Монгол сувд сүм” гэх шашны байгууллагат явж эхэлсэн. Өөрсдийгөө Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудаас өөр гэж зарладаг. Нийгэмд сайн үйлс хийдэг сургалтын газар гэж танилцуулдаг. Тухайн үед ээж хэлэхдээ, сэтгэл зүй, хувь хүний хөгжил зэрэг хичээл ордог сургалтын төвд явж байна гэж хэлдэг байсан.
Улмаар ээжийнхээ шахалтаар би нэг удаа сургалтад нь сууж байсан. Гэтэл сүүлдээ намайг “чи айлын том хүү тул заавал энэ шашныг шүт, сургалтад суу” болсон. Энэ байдал даамжирч сургалтдаа суулгах гэж худлаа хэлж эхэлсэн. Манай ээжийн сүүлийн нэг жилд ааш зан нь их өөрчлөгдсөн. Огт уурладаггүй, тайван хүн үнэхээр өөр болсон. Маш муухай хараалын үгсийг хэлж, үр хүүхдүүдээ “Чи Сатаны сүнстэй болохоор энэ байгууллагат элсэхгүй байна” гэж хэлдэг байсан. Би бурханд сүнсээ өгсөн гэж хэлдэг байсан Улмаар манай ээж сүм дээрээ илтгэл тавьж байгаад нас барсан.
49 хоног нь өчигдөр дууссан. Ийм байдалтай ээжийгээ алдсандаа маш их харамсаж байгаа. Тиймээс энэ муухай урсгалыг болиулах үүднээс энэ мэдээллийг хийж байна. Цаашдаа олон хүн битгий хохироосой гэж хүсэж байна” гэж хэллээ.
Уг сүмд 12 мянга орчим иргэн элссэн аж. Мөн англи, солонгос хэлний сургалт хэмээж хүмүүсийг бүртгэж авдаг байна. Нэг ёсондоо хүмүүсийг хуурч гаж урсгалд элсүүлэх ажлыг зохион байгуулдаг байна.