МАН-ын 68 гишүүнээс болж парламентын ажил саатав

чуулган хоосон

МАН 31 дүгээр Их хурлаа өнгөрсөн Бямба гариг буюу аравннэгдүгээр сарын 15-нд эхэлсэн ч гурван өдөр үргэлжилж өчигдөр орой өндөрлөсөн. Мөн өнөөдөр 16:00 цагаас үргэлжлүүлэн Бага хурал нь зарлагдсан нь үндсэндээ УИХ-ын ажлыг саатуулаад байна гэж хэлж болохоор буй. Учир нь, долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралддаг. Мягмар гаригт Ажлын хэсэг, мөн Байнгын хороод хуралддаг хуваарьтай. Гэвч МАН өчигдөр Их хурлаа хийсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаагүй. Байнгын хороод өнөөдөр хуралдах ёстой ч маргааш болгон хуваарь гаргажээ.

Маргааш 09:00 цагт Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, 10:00 цагт Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар цаг товлоод буй. Гэвч дээрх цагт байнгын хороо хуралдана гэхэд бэрх. Учир нь, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй тул маргааш үдээс өмнөдөө хурал зарлаж мэднэ.  Энэ тохиолдолд байнгын хороодын хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болох юм.

Төрийн ордон өчигдөр, өнөөдөр эзгүйрээд байна.

УИХ дахь МАН-ын бүлэг нь 68 гишүүнтэй бөгөөд байнгын хорооны хурал товлоход гишүүдийн ирц бүрдэхгүй болчихоод буй.

Өмнөх жилүүдэд МАН Их хурал, Бага хурлаа зарлан хуралдуулдаг ч ажлын өдрөөс хумсалж, төрийн ажил цалгардуулсан тохиолдол ховор. Харин энэ удаад ажлын хоёр өдрийг бүлгээрээ пялаад байна.

About Author