Судалгаа: Буйлны өвчин, шүдний цоорол харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг
Амны хөндийн эрүүл мэнд нь тэнэгрэх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчинтэй холбоотой гэдгийг олон судалгаанууд харуулж ирсэн. Харин саяхан нийтлэгдсэн нэгэн судалгаагаар буйлны үрэвсэл, шүдний цоорол хоёулаа зэрэг илэрсэн хүмүүсийн харвалтад өртөх эрсдэл эрс нэмэгддэг болохыг тогтоожээ.Өмнө нь эдгээр хоёр өвчин тус тусдаа харвалтын эрсдэлтэй холбоотой гэж үздэг байсан ч хоёуланг нь давхар судалсан судалгааны ажил цөөн байв. Тиймээс Өмнөд Каролинагийн Их сургуулийн судлаачид буйлны үрэвсэл болон шүдний цооролтой хүмүүсийг тусгайлан шинжилсэн байна.“Буйлны өвчин, шүдний цоорол хоёулаа байсан хүмүүсийн харвалтад өртөх эрсдэл, амны хөндийн эрүүл мэнд сайн хүмүүсийнхтэй харьцуулахад хоёр дахин өндөр байсан. Үүнд зүрх судасны бусад эрсдэлт хүчин зүйлсийг нэмж тооцсон ч үр дүн өөрчлөгдөөгүй” гэж тус их сургуулийн мэдрэлийн тасгийн дарга Сөвик Сен хэлжээ.Судалгаанд дунджаар 63 настай, нийт 5,986 насанд хүрэгчийг хамруулсан бөгөөд эдгээр хүмүүс өмнө нь харвалт, титэм судасны өвчин, шүдний цоорол, мөн буйлны үрэвслийн ямар ч өвчний түүхгүй байв. Эдгээр хүмүүсийг дунджаар 21 жилийн турш ажигласан бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн байдлыг харвалт зэрэг томоохон зүрх судасны үзүүлэлтүүдтэй уялдуулан судалжээ.

Оролцогчдыг гурван бүлэгт (амны хөндийн эрүүл мэнд сайн, зөвхөн буйлны өвчтэй, буйлны өвчин + шүдний цооролтой) хуваахад:
- Амны хөндийн эрүүл мэнд сайн хүмүүсийн 4.1 хувь нь харвалттай болсон,
- Зөвхөн буйлны өвчтэй хүмүүсийн 6.9 хувь нь харвалттай болсон,
- Харин буйлны өвчин ба шүдний цооролтой хүмүүсийн 10 хувь нь харвалттай болжээ.
Биеийн жин, тамхи татах зэрэг түгээмэл нөлөөлөх хүчин зүйлсийг тооцоолсны дараа:
- Буйлны үрэвсэлтэй хүмүүсийн харвалтын эрсдэл 44 хувь өссөн,
- Буйлны өвчин + шүдний цооролтой хүмүүсийн эрсдэл 86 хувь өссөн байна.
Энэхүү судалгаа зөвхөн амны хөндийн өвчнүүд ба харвалтын хоорондын холбоог харуулж байгаа бөгөөд шууд шалтгааныг тогтоогоогүй байна. Гэхдээ өмнөх судалгаануудын мэдээллээр амны хөндийн бактери, үрэвсэл нь биеийн бусад хэсэгт тархаж, судас хатуурах, бөглөрөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж таамаглажээ. Өмнө нь судасны хананд үүсдэг товрууд дотор амны хөндийн бактери илэрч байсан нь судасны бөглөрөл үүсэх, улмаар хүчилтөрөгч дутагдаж харвах нөхцөлийг бүрдүүлдэг байж болзошгүй аж.“Эдгээр үр дүнгээс харахад амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах нь харвалтаас урьдчилан сэргийлэх чухал арга байж болохыг харуулж байна” хэмээн Сен онцлов.Нийт дүнгээр, буйлны өвчин болон шүдний цооролтой хүмүүсийн зүрх судасны өвчинд өртөх эрсдэл (харвалт, зүрхний шигдээс) амны хөндий нь эрүүл хүмүүсээс 36 хувиар өндөр байжээ. Мөн тогтмол шүдний эмчид үзүүлдэг хүмүүст буйлны өвчин, шүдний цоорол хоёулаа зэрэг үүсэх эрсдэл 81 хувиар, зөвхөн буйлны өвчинтэй болох эрсдэл 29 хувиар бага байсан байна.