RUSSIASPIVOTTOASIA.COM: ОХУ-ын банк Монголд үйл ажиллагаа эхлүүлж магадгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцох үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд М.Мишустин нартай уулзсан. Уг уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлууд хэвлэлийн сэдэв хэвээр байна.
Хойд хөршийн russiaspivottoasia.com цахим хуудас өчигдөр Г.Занданшатар, В.Путинтай уулзах үедээ хоёр улсын хоорондын худалдааны төлбөр тооцоог хялбаршуулах талаар тавьсан саналын талаар “Монголд ОХУ-ын банк Монголд үйл ажиллагаа эхлүүлж магадгүй” хэмээх гарчигтайгаар мэдээлжээ.
Мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Оросын банкны салбарыг Монголд нээх нь хоёр талын төлбөр тооцоог хөнгөвчлөхөд тусална” гэж мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа эл саналыг тавьсан бөгөөд “ОХУ-ын банк Улаанбаатарт салбар нээх замыг нээж өгөх болно. Хоёр улсын хоорондын худалдааны төлбөр тооцоо бидний хувьд чухал сэдэв хэвээр байна. Өнөөдөр манай Сангийн сайд нар эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бараг тохиролцсон. Бид Оросын банкны салбарыг нээхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг олгоход бэлэн байна гэлээ” хэмээн онцолсон байна.
Харин В.Путин эл саналд ямар хариулт өгсөн талаар дурдалгүй орхиж, гагцхүү “ОХУ, Монгол хоёр улсын худалдаа энэ оны эхний найман сард 7.9%-иар өссөн байна. “Одоогийн нөхцөлд бараг 8%-ийн өсөлт гэдэг сайн үр дүн” гэж хэлсэн талаар дурджээ.