Тойм: 2026 онд 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ
“NEWS” агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР С.БААТАРСҮРЭНГ ТОМИЛЛОО

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилов. Тэрээр банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг удирдах албан тушаал хаших долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн чадварлаг удирдагч юм.
Түүнчлэн Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүнээр ажилладаг бөгөөд түүний ажлын туршлага, ур чадварыг олон улсын банк санхүүгийн салбар хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн салбарынхан дүгнэдэг байна.
Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай хэмээн үзэж С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргажээ. /Дэлгэрэнгүйг эндээс уншина уу./
ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ 3 ТАМИРЧИН БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Ирэх 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохиогдох “Милан-Кортино” өвлийн олимпын наадамд нийт 2900 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл Монгол Улсаа төлөөлж өвлийн олимпод нийтдээ гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авчээ.
Дурдвал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургадугаар байр эзлэн 88.55 оноо, долдугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт үзүүлсэн юм. Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа. /Дэлгэрэнгүйг эндээс уншина уу./
ХХНББХ: ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ ҮНДСЭН АЖИЛДАА АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ?

УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
- “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Байнгын хорооны хуралдаанд оролцогчдын нэрсийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа уншиж танилцууллаа. Үргэлжлүүлэн байнгын хорооны хуралдаантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. /Дэлгэрэнгүйг эндээс уншина уу./
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор Г.Нандинжаргалд хуулийн хугацаанд нь өргөн барилаа. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталсан. Тус хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр баталсан юм.
Нийслэлийн төсвийн орлогын 2026 оны төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орлогын нэр төрөл бүрээр тооцооллыг хийж, боломжит эх үүсвэрийг дайчлан төлөвлөлөө. Нийслэлийн төсөвт 2026 онд 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. /Дэлгэрэнгүйг эндээс уншина уу./
АКАДЕМИЧ М.НАРАНГЭРЭЛ: СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ӨНӨ ЭРТНИЙ ҮНЭТ УЛАМЖЛАЛ, ЭЛГЭМСҮҮ ЭХ МОНГОЛ ХЭЛЭНД МААНЬ ОРШИЖ БАЙСАН

Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn
Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн дээд одон Их эзэн Чингис хааны одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад МУ-ын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд, монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье. Монгол Улсын газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, хөгжил цэцэглэлт, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үнэт сургаалын эрдэнэсийн сан, эрхэм бээрийн цаглашгүй их үүд оршиж байгааг миний бие ухаарч ойлгож, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан зарим сургамж, дүгнэлтийн заримаас нь монгол бахархлын энэ сайхан өдөр та бүхэндээ хураангуйлан товч айлтгая.
Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах айл өрх бүрийн арга билэг гал голомтоо залгуулан үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү эх монгол хэлэнд маань оршиж байсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс уншина уу./