Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг дахин эхлүүллээ
Эх сурвалж: Like.mn
https://www.facebook.com/plugins/video.php?href=https://www.facebook.com/livetv.mn/videos/4260126110867723&show_text=false&adapt_container_width=true
Монгол Улсын төр газрын ховор элементийн төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй хэмээн үзэж, “Халзан бүрэгтэй” төсөлд зөвшөөрөл олгожээ. Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм. Тус ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь бусад газрын ховор элементийн ордуудаас бага үзүүлэлт хэмээн дүгнэжээ.
Ховд аймгийн Мянгад суманд төрсөн гажигтай төлүүдэд хийсэн Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй. Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй.
Халзан бүрэгтэйн ерөнхий сонсголоос газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлэх, нөөцийг бүрэн тогтоох, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Халзан бүрэгтэй ордын хайгуулын ажлыг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч МНРИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонгоос тодрууллаа.
МНРИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмон:
-УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй ордын ашиглалт байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийг нарийвчлан судлах” нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулж, тайлангаа баталгаажуулсан.
Сонсголоос Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш, харин газрын ховор элементийн орд. Хайгуул судалгааны ажлыг үргэлжлүүлж, Монгол Улсад байгаа эрчим хүчний шилжилт болон өндөр технологид хэрэгтэй энэхүү түүхий эдийн нөөцийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Мөн ордыг ашиглахад усны хэрэглээ болон бусад байгаль орчинд нөлөөлөх эрсдэлүүдийг дахин нарийвчлан судлах шаардлагатай.
Иргэдтэй харилцан ойлголцлыг бэхжүүлэх хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэгчид иргэдэд төслийн үр өгөөж, эрсдэл, болзошгүй нөлөөллийн талаар сайтар ойлгуулах үүрэг даалгавар өгсөн бөгөөд бид үүнийг хүлээн авч ажиллаж байна.
Энэ жил нөөцийг үргэлжлүүлэн тогтоох зорилгоор өрөмдлөгийн ажил хийгдэж байна. Дэлхийн геополитик болон эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой энэхүү түүхий эд Монгол Улсад ямар хэмжээтэй байгааг нарийвчлан тогтоох нь чухал. Манай компани энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад газрын ховор элементийн орд нэмэгдэж, хайгуул судалгаа үргэлжлэх шаардлагатай байна.
Өнөөдрийн байдлаар бид газар дээр нь улирал тутмын цацрагийн мониторинг, цацрагийн дэвсгэр түвшний судалгааг хийж байна. Хөрс, агаар, ус, малчны худгууд, Ховд гол, Хар-Ус нуур зэрэг олон цэгээс дээж авч, цацрагийн хэмжээний өсөлт, бууралт болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хэмжиж байна.
Өрөмдлөгийн ажлаар нөөц тогтоосны дараа ТЭЗҮ-ээ шинэчилж, байгаль орчны нөлөөллийн асуудлуудыг эцэслэн шийдвэрлэнэ. Өнөөдрийн цацрагийн судалгаа иргэдийн хяналт, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, хөндлөнгийн мониторингийн багтай хамтран хийгдэж байна.
-Хайгуул судалгааны ажил болон нөөц тогтоох ажил цаашид хэр удаан үргэлжлэх вэ? Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр манай улсын анхны газрын ховор элементийн төсөл болж, эдийн засагт хэр их үр өгөөжтэй, чухал төсөл болох вэ?
-Халзан бүрэгтэй ордын хайгуул судалгааны ажил нь Монгол Улсад ихээхэн үр өгөөжтэй төсөл. Учир нь энэхүү судалгаа шинжилгээний үйл явц нь олон улсын стандартаар, олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийгдэж байгаа бөгөөд Монгол Улсад байгаа энэ баялгийг хэрхэн боловсруулах, ямар ус, тог цахилгаан хэрэгтэй болох зэргийг нарийвчлан судалж байна. Энэ нь бусад ордуудад ч хэрэгтэй мэдээлэл болох юм.
Хэрэв төсөл цаасан дээр үлдэхгүй, бодитой хэрэгжиж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдвэл орон нутагт татварын хэмжээгээрээ хамгийн том төсөл болно. Одоогийн томоохон уул уурхайн төслүүдээс гурав дахин их үр өгөөжтэй байх тооцоо бий. Ажлын байрны хувьд эхний ээлжид 600-1500 түр болон байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Хайгуул судалгааны ажил нь тасралтгүй хийгддэг бөгөөд ордыг ашиглалтад оруулахаас өмнө ч, орсны дараа ч үргэлжилдэг цогц үйл ажиллагаа юм. Энэ нь зөвхөн өрөмдлөг биш, технологийн судалгаа, усны судалгаа, усны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох зэрэг олон ажлыг хамарна. Сонсголоос усны эх үүсвэр, технологийн усны хэрэглээг нарийвчлан судлах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан бөгөөд бид эдгээр ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
-Гажигтай мал төрсөн асуудал гарсан шүү дээ. Сонсгол дээр энэ талаар ямар үр дүн гарсан бэ?
-Ургийн гажигтай төл мал, хүн ам болон малын эрүүл мэндэд байгалийн цацраг хортой гэсэн ойлголт өргөн тархсан байсан. Сонсгол дээр хөндлөнгийн шинжээчийн өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, тухайн төл малаас авсан дээж болон лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн энэ нь байгалийн цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй. Мөн хүний эрүүл мэндэд байгалийн цацраг хор нөлөө учруулахгүй гэсэн дүгнэлтүүд гарсан.
Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээгээ цаашид зөвлөмжийн дагуу сайжруулах ёстой гэсэн зөвлөмж авсан. Бид төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэ бүхэн дээр иргэдтэйгээ хамтран ажиллах болно. Гажигтай төл малын асуудал цаашид ч гарч болзошгүй тул бид энэ асуудлын үндсэн шалтгааныг орон нутгийн байгууллага, малчидтай хамтран судлахад бэлэн байна.
-Халзан бүрэгтэй ордод агуулагдах ураны хэмжээ ер нь ямар байдаг вэ?
-Уран гэдэг нь хөрсөнд байдаг зүйл бөгөөд полиметалл, нүүрсний ордуудад ч тодорхой хэмжээгээр агуулагддаг. Сонсгол дээр гарсан нэг чухал дүгнэлт бол манай ордод агуулагдаж буй ураны хэмжээ нь бусад газрын ховор элементийн ордуудаас бага гэж гарсан. Энэ хэмжээ нь хүнд аюултай, хортой зүйл биш гэдэг нь тогтоогдсон. Иймээс Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш, харин газрын ховор элементийн орд гэдэг нь тодорхой болсон гэж харж байна.
-Сонсгол явагдсаны дараа нутгийн иргэдийн ойлголт эерэг болсон байх. Энэ нь ажиглагдаж байна уу? Орон нутгийн иргэдэд Халзан бүрэгтэй төслийн талаар мэдээлэл өгөх төв байгуулагдсан байна?
-Бид сум болон аймгийн төвд мэдээлэл өгөх төвүүдийг байгуулсан бөгөөд эдгээр нь тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Сонсголын үр дүнг олон нийтэд нээлттэй дамжуулсан. Нээлттэй хяналтын сонсгол байсан учраас иргэд хүсэлтээрээ чөлөөтэй оролцсон. Нийт 132 хүн оролцсоноос Ховд аймгаас 60 гаруй хүн байсан. Энэ мэдээлэл иргэдийн дунд их түгсэн.
Ерөнхийдөө харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь чухал. Өмнө нь манай зүгээс буруу тайлбарласан зүйлс байсан. Мөн төрийн захиргааны байгууллагуудаас гаргасан зарим ойлгомжгүй дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгч дангаараа тайлбарлах боломжгүй үе ч байсан. Одоо бол олон гогцоотой байсан ээдрээтэй асуултуудад хариулт тодорхой болж ирсний дараа бид харилцан ойлголцлын түвшнээ дээшлүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Орон нутгийн иргэд биднийг дэмжиж, нээлттэй хандаж, санал санаачилгуудад идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.