“Томуу даамжирвал тархины цагаан бодисыг гэмтээж хүүхэд унтаа байдалд ордог”
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, бага насны хүүхдүүд зонхилон халдвар авч, өндөр халуурч байна. Иймд энэ төрлийн халдварын шинж тэмдэг хэрхэн илэрдэг, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах талаарх зөвлөмжийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч А.Оюунчимэгээс тодрууллаа.
– Томуу, томуу төст өвчний дэгдэлт ид тархаж байна. Энэ жилийн хувьд танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?
– Томуу, томуу төст нь цаг үе, улирлын шинжтэй өвчин л дөө. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас улиралтай холбоотой өвчлөлүүд олон байдаг. Өвөл нь томуу, зун нь үерийн дараах гэдэсний халдвар илүүтэй тархдаг . Өвлийн улирлыг дагаж ирдэг амьсгалын замын өвчин, томуугийн вирус нь амьсгалын замаар агаарт цацагдаж, бусад хүн түүнийг амьсгалснаар гар, хамар, амаар дамжин халдвар тархдаг. Томуу, томуу төст өвчин нь хүйтэн сэрүүний улиралд эрчимтэй нэмэгдэж дэгддэг. Жил бүрийн энэ үед ачаалал өндөр байдаг.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт энгийн үед хоногт дунджаар 200-300 хүүхэд тусламж үйлчилгээ авдаг. Одоо бол 500-600 хүүхэд ирж байна.
Энэ жилийн онцлог нь томуугийн тархалт олон жилийн дунджаас 14 хоногийн өмнө эхэлж байна. А хүрээний H3N2 вирус нь хоруу чанар ихтэй, уушгины хатгаагаар хүндрүүлдэг. Зарим нэг тохиолдолд суулгалт өвчин болон бөөлжиж хүндэрч хүүхэд шоконд ордог. Цаашлаад, бүр даамжирвал тархины цагаан бодисыг гэмтээж хүүхэд унтаа байдалд орох тохиолдол ч бий. Тийм учраас бид энэ томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд томуугийн вакцинжуулалтыг хийдэг. Энэ жилийн вакцинжуулалтыг нэлээн эрт хийсэн. Хамрагдсан байдлаас ажиглавал харьцангуй бага байна. Учир нь иргэд томуугийн вакцины тухай ойлголт багатай эсвэл улаан бурхны вакцинтай андуурах тохиолдол гарч байгаа.
– Томуугийн вакцины талаарх мэдээлэл харьцангуй хомс байна. Нас харгалзахгүй энэ вакцинжуулалтад хамрагдаж болох уу?
-Энэ жилийн хувьд өрхийн эмнэлгүүд вакцинжуулалтыг үнэ төлбөргүй бүх насны хүмүүст хийсэн. Вакцин хийлгэлээ гээд томуу тусахгүй гэсэн үг биш. Харин томуугийн хүндрэл болох уушгины хатгаанаас сэргийлж байгаа юм.
-Вакцин бол амь насанд эрсдэлтэй хүнд өвдөхөөс сэргийлж байгаа юм байна. Тийм үү?
– Тийм. Уушгины хатгаа бол хүүхдэд хамгийн их тохиолддог өвчний хүндрэл. Хоёр уушги хагас дутуу ажиллах юм бол амьсгалын дутагдалд орно. Амьсгалын дутагдалд орвол зүрх муудна. Зүрх, амьсгал хоёр хэвийн бус болбол тархинд нөлөөлж эхэлнэ. Тийм учраас уушги эрүүл байх нь маш чухал. Үүнээс сэргийлж томуугийн вакциныг хийсэн. Гэхдээ томуугийн халдвараас бол урьдчилан сэргийлэхгүй.
Томуу тусмааргүй байвал олон нийтийн бөөгнөрлөөс л хол байх хэрэгтэй. Сургуулийн нэг ангиар л жишээ авахад нэг хүүхэд халдвартай бол ангийнхаа бусад хүүхдүүддээ тараах эрсдэлтэй.
Тийм учраас бага насны хүүхдүүдээ дэлгүүр хоршоогоор дагуулж явмааргүй байна. Ханиад томууны улирлын үеэр гэртээ байх л хэрэгтэй. Олон нийтийн газраар явах бол заавал маск зүүж, гараа угааж байх хэрэгтэй. Маск зүүх нь амьсгалын замын халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж байгаа хэлбэр юм. Гараа угаах нь орчин тойрноос авах халдварын эрсдэлийг бууруулж байна гэж ойлгож болно.
-Шинээр гарсан вирус гэж хүмүүсийн дунд яригдаж байна. Олны дунд иймэрхүү төөрөгдөл үүсээд байгаа. Энэ шинэ вирус мөн үү?
-Үгүй ээ. Энэ шинэ вирус ч биш, сэргэж байгаа вирус ч биш. Жил болгон тархдаг “А” хүрээний H3N2 юм. Өнгөрсөн жил А хүрээний H1N1 тархсан. Хоёр жилийн өмнө “А” хүрээний H3N2 тархсан. Энэ жилийн хувьд мөн адил энэ вирус тархаж байгаа. Хүүхдэд ямархуу байдлаар нөлөөлж, хүндрүүлдэг гэдэг нь аль хэдийн судлагдсан учраас хэрхэн урьдчилсан сэргийлэх, ямар эмчилгээ хийгдэх ёстой зэрэг нь тодорхой.
–Томуу, томуу төст өвчин туссан хүүхэд 40 хэм халуурах тохиолдол цөөнгүй байна. Хүүхдэд гарч байгаа хүнд шинж тэмдэг нь юу вэ?
-Томууны вирусийн нийтлэг шинж тэмдэг бол сүүлийн 10 хоног халуурч ханиалгуулдаг. Ханиалгахыг ойлгож байгаа байх. Халууралт нь 38.5 болон түүнээс дээш байвал өндөр халууралт юм. Өндөр халууралтыг буулгах ёстой.
Урт хугацаанд халуурвал хүүхэд хүндрэх эрсдэлтэй. Бодисын солилцоонд өөрчлөлт оруулж, татах аюултай. Харин 38.5-аас доош халуурч байвал биеийн эсэргүүцэл үзүүлж байх боломжтой.
Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхэд халуурч байвал халууны шил ашиглан хэмжих хэрэгтэй. Хэмжиж үзээд халуунтай байвал парацетмол эмийг өгөх хэрэгтэй. Өндөр халуунтай, халуун буухгүй тохиолдолд эмнэлэгт үзүүлнэ. Хамгийн ойр эмнэлэг бол өдрийн цагаар өрхийн эмнэлэг, оройн цагаар харьяа дүүргийн эмнэлэг юм.
-Өрхийн эмнэлэг үйлчилгээ хүртээмж хэр байдаг вэ? Буруу зөвлөмж өгснөөс болж хүндэрсэн хүүхэд ирсэн үү?
–Томуу, томуу төст өвчний хувьд өрхийн эмч нар алдаа гаргана гэж байхгүй. Учир нь “Хүүхдийн өвчний цогц менежмент” хөтөлбөрт бүх шинж тэмдэг, эмчилгээг тодорхойлоод заачихсан байдаг. Энэ сургалтад өрхийн эмч болгон суусан. Тэгэхээр өрхийн эмчийн заавар зөвлөгөөг дагах ёстой. Өрхийн эмч гурав хоногийн дараа дахин үзүүлээрэй гэсэн бол гурав хоногийн дараа үзүүлэх л хэрэгтэй. Эцэг, эхчүүд хайнга байдал гаргаж тав, зургаа хоногийн дараа очлоо гэж бодоход тухайн хүүхэд аль хэдийн хүндэрчихсэн байдаг.Энэ тал дээр эцэг эхчүүд анхааралтай байх хэрэгтэй.
–Иргэд ямар мэдээлэл дээр буруу ойлголттой явж байх шиг байна эмч хүний хувьд та юу гэж бодож байна?
-“Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн хөтөлбөрт заасны дагуу хүүхдэд ямар ч өвчний үед иддэг байсан хэмжээгээр нь хоолыг нь өгөх хэрэгтэй. Түүнээс энэ хоол сайн юм гэнэ лээ. Энийг идээд манай хүүхэд эдгэрсэн, сайжирсан гээд элдэв хамаагүй зүйлс өгч болохгүй. Томуу бол хордлогын шинжтэй учраас хүүхдийн хоолны дуршлыг бууруулдаг. Тийм болохоор шингэн юм сайн уулгах, мөн тухайн хүүхдийг хэт халуунд байлгах хэрэггүй. Хүйтэнд дааруулж болохгүй. Учир нь даарахаар биеийн эсэргүүцэл сулардаг. Хэт халууцвал бие хүчилтөрөгч нэхэж эхэлдэг.
–Гэрийн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хамар, амыг үргэлж цэвэрхэн байлгах ёстой учраас үргэлж угааж зайлж байх хэрэгтэй. “Дов тойрсон долоо нүх эрүүл бол хүн эрүүл байдаг” гэж багш минь хэлдэг байлаа. Ам залгиур, хамар залгиур эрүүл байх ёстой. Томуугийн эхлэл үед хоолой улайж эхэлдэг. Тэр үед хоолойгоо өдөрт нэгээс хоёр удаа содны уусмал, давсны уусмалаар зайлах хэрэгтэй. Мөн эмийн сангуудаар зөндөө л хоолой зайлах уусмалууд байдаг. Тэндээс авч хэрэглэсэн ч болно. Мөн хамраа угааж цэвэрлэж байх хэрэгтэй.