Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эргэн ирэх үү
Эх сурвалж: Tsahiur.mn
Улсын Их Хурал (УИХ)-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа Л.Өлзийсайханыг томилохоор яригдаж эхэллээ. Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан нь 2019-2023 онд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тодруулбал, Г.Занданшатар спикерийн үед УИХ-ын “гал тогоо”-г манаж байв. Тэгвэл УИХ-ын дарга Н.Учрал түүнийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад санал болгож, УИХ-аар маргааш хэлэлцэх гэнэ.
УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайханыг УИХ-ын даргын санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 2023 оны 11 дүгээр сарын 16-нд томилсон байдаг. Тэрбээр өмнө нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, УИХ-ын даргын зөвлөх, УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байв. Хуульч хүний хувьд хамгийн их зорьдог, нэр хүндтэй алба бол шүүгч, Цэцийн гишүүнээр ажиллах хоёр байдаг. Гэтэл хуульчдын хүрэхийг хүсдэг “оргил”-ыг орхиод УИХ-ын “гал тогоо”-г манахаар болж буй нь ямар нэг ашиг сонирхолд хөтлөгдөж, хэн нэгний захиа даалгаврыг биелүүлэх зорилготой гэсэн хардлага төрүүлж байна.
Л.Өлзийсайхан УИХ-ын ЕНБД-аар ажиллаж байх үед УИХ-ын үйл ажиллагааг цахимд шилжүүлэхэд тодорхой ажлууд хийсэн байдаг. Харин УИХ-ын гишүүдийн өгсөн саналын мэдээллийг нээлттэй болгохыг иргэний нийгмийн байгууллагуудаас удаа дараа шаардаж, бичиг хүргүүлсэн ч “хав дарсаар” эцэстээ олон нийтийн нөлөөллийн ажлын үр дүнд иргэдийн шахалтаар тухайн мэдээллийг ил болгохыг УИХ-ын дарга мэдэгдэж байв.
Нэмж хэлэхэд, ЕНБД болохын тулд эхлээд Цэцийн гишүүнээс эхлээд чөлөөлөгдөх ёстой. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зохицуулалтаас харвал Цэцийн гишүүний бүрэн эрхийг дараах үндэслэлээр дуусгавар болгодог. Үүнд
- Гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон
- Хувийн хүсэлтээ гаргасан
- Эрүүл мэндийн улмаас
- Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн
Үүнээс бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно. Тэгэхээр эдгээрээс хамгийн боломжит хувилбар болох Цэцийн гишүүнээсээ чөлөөлөгдөх хувийн хүсэлтээ гаргах болов уу. Ташрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах заалт бий.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайханы намтар
- 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;
- 2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;
- 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх;
- 2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
- 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;
- 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
- 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;
- 2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга;
- 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.