Ж.Амарсанаа: Өрхийн анагаах ухааныг Турк улстай хамтран хөгжүүлэх боломж нээгдлээ
МӨАУМХ-ны ерөнхийлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.
– Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоог төлөөлж Турк улсад зохион байгуулагдсан арваннэгдүгээр конгресст оролцоод иржээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглугийн урилгаар Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны арваннэгдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд БНТУ-д ажлын айлчлал хийж, Анкара хотод зохион байгуулагдсан Туркийн анагаах ухааны арваннэгдүгээр конгресст Монголын төлөөлөгчдийг ахлан оролцлоо. Манай холбоо өрхийн анагаах ухааны хөгжил, олон улсын туршлага, тэр дундаа Турк улсын амжилттай загварыг судлах бодлогын шаардлага бий гэж үзэн, Эрүүл мэндийн яаманд тус айлчлалын бүрэлдэхүүнд орох албан хүсэлтээ илгээсэн. Энэхүү саналыг ЭМЯ, Ж.Чинбүрэн сайд маш шуурхай хүлээн авч, Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай холбоог багтаасан нь өрхийн анагаах ухааны салбарт манай мэргэжилтнүүдийн оролцоо, дуу хоолойг бодитоор тусгасан чухал шийдвэр байлаа. Энэ боломжийг олгосонд Эрүүл мэндийн яам болон Ж.Чинбүрэн сайддаа Монголын өрхийн эмч нарын өмнөөс талархсанаа илэрхийлье.
– Конгрессын үеэр Монголын тал ямар байр суурь илэрхийлсэн бэ?
Сайд Ж.Чинбүрэн Монгол, Турк хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэсэн нь эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж гэдгийг онцолсон. Мөн “Стратегийн түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг гүнзгийрүүлэн, тогтвортой, тэсвэртэй эрүүл мэндийн тогтолцоог хамтран бүтээхэд Монгол Улс бүрэн бэлэн” гэдгийг илэрхийлсэн нь олон улсын индэр дээр Монголын байр суурийг тодорхой харуулсан чухал мэдэгдэл байлаа.
– Та энэ айлчлалд ямар үүрэгтэй оролцов?
Айлчлалын явцад Турк улсын Эрүүл мэндийн яам, гэр бүлийн анагаах ухааны үндэсний холбоодын удирдлагуудтай уулзаж, өрхийн эмчийн сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо, анхан шатны тусламжийн зохион байгуулалт, менежментийн туршлага, гэр бүлд чиглэсэн тусламжийн чанарын шинэчлэл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хоёр тал хэлэлцлээ. Туркийн талаас санамж бичгийн зүйл заалтууд дээр саналаа бичгээр удахгүй ирүүлэхээ мэдэгдсэн.
– Турк улсын туршлагаас Монголд нутагшуулж болох ямар давуу талуудыг харсан бэ?
Турк улс анхан шатны тусламжийг тогтвортой, хүртээмжтэй болгох загвараараа дэлхийд өндөр үнэлэгддэг. Тухайлбал өрхийн эмчийн шаталсан сургалт, тогтолцоо, үйлчилгээний чанарын стандартчилал, мэдээллийн нэгдсэн систем, гэр бүлийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийн уян хатан загвар, урьдчилан сэргийлэх тусламжийн тогтолцоо, зэрэг нь Монголд нэн шаардлагатай шинэчлэлийн чиглэлүүдтэй нийцэж байгаа. Бид энэ бүхнийг Монголын нөхцөлд хэрхэн тохируулан хэрэгжүүлэх талаар тодорхой түвшний ойлголцолд хүрсэн. Монгол улс өрхийн эмнэлгүүдээ үнэлж дүгнэдэг бол Турк улсад өрхийн эмч бүрээ үнэлгээжүүлдэг. Хэт их эм, антибиотик, өвчин намдаагч бичвэл эмчийн үнэлгээ буурдаг бол иргэдээ олон давтамжтай үздэг, хянадаг, вакцин, урьдчилан сэргийлэх үзлэгт сайн хамруулдаг, эрүүл урт наслуулдаг эмчийн үнэлгээ өсдөг тогтолцоотой. Энэ тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.





– Айлчлалын төгсгөлд хоёр тал ямар байр сууринд хүрч чадсан бэ?
Уулзалтуудын үр дүнд хоёр тал өрхийн анагаах ухааны хөгжлийг стратегийн түвшинд дэмжих, эмч, сувилагчийн сургалт болон чадавхыг үе шаттай нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, солилцоог тогтмол явуулах талаар тохиролцож, ойрын ирээдүйд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон нь Монгол, Турк 2 улс цаашид өрхийн анагаах ухааныг бэхжүүлэх, тогтолцоог чанаржуулах, мэргэжлийн сургалт, судалгааг гүнзгийрүүлэх томоохон замын зураглал эндээс эхэлж байна гэж хэлж болно.
– Таны хувьд энэ айлчлалын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?
Энэ бол зөвхөн олон улсын арга хэмжээнд оролцсон төдий биш, харин Монголын анхан шатны тусламжийн бодлогыг шинэ шатанд гаргах түүхэн боломжийг нээсэн айлчлал байлаа. Анкара хотноо зохион байгуулагдсан Туркийн анагаах ухааны арваннэгдүгээр конгресс нь Монгол, Турк хоёр улсын эрүүл мэндийн салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, өрхийн анагаах ухааны хөгжлийн хамтын ажиллагаанд бодит ахиц авчирсан түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо.