“Манай улс нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй. ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршиж байна”
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт, судалгааны албаны дарга П.Үнэнчимэг уг өвчний талаар дараах үндэсний хэмжээний дата, мэдээллийг танилцуулсныг Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб”-ээс мэдээлснээр хүргэж байна.
ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн хэмжээнд 39 сая хүн ХДХВ-ний халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насныхан байна.
Манай улс ХДХВ/ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог бөгөөд 1000 хүнд ногдох өвчлөлийн түшин 0.01 буюу дэлхийн дундажтай харьцуулахад 0.16, бүсийн орнуудын дунджаас 0.06-гаар бага байгаа аж.
Гэсэн хэдий ч бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, нийт хүн амын дундах бэлгэвчийн хэрэглээ хангалтгүй, ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж буй хоёр том гүрний дунд оршдог, хилээр зорчих хөдөлгөөн ихтэй зэрэг шалтгааны улмаас эрсдэл өндөр хэвээрээ байгаа юм байна.
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын вирус мутацлагдаж, уг өвчнөөс сэргийлэх вакциныг эрдэмтэн, судлаачид одоо болтол гарган авч чадаагүй ч эмийн чанар, эрт илрүүлгийн ачаар өвчтөнүүд урт удаан, чанартай амьдарсаар байгаа аж.
1992 онд Монгол Улсад ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 424-т хүрчээ.
Түүнчлэн улсын хэмжээнд он гарснаас хойш ХДХВ-ийн халдварын тоо 36-гаар нэмэгдсэн бөгөөд жилийн эцэс гэхэд эл үзүүлэлт 48 болж нэмэгдэж болзошгүй гэсэн урьдчилсан таамаглал ч дэвшүүлээд байгааг дээрх уулзалтын үеэр мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Өвчлөгсдийн олонх нь 20-44 насныхан бөгөөд 99.7 хувьд нь бэлгийн замаар халдвар дамжсан байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб”