Ж.Энхбаяр бие амарч, М.Бадамсүрэнгийн зовлон эхлэв
Эх сурвалж: Nnews.mn
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэсэн тул шинэ сайд М.Бадамсүрэн өнгөрсөн Баасан гариг/2025.11.28/-т хуучин яам нь байрлаж байсан байрны нэг давхарт хурал хийжээ. Тус яамны 70 хувь Дархан-Уул аймаг руу нүүсэн бол 30 хувь нь Улаанбаатар хотод буюу хуучин байрандаа байршиж буй. Иймд олон хүн багталцахаар нь хуучнаар Мал эмнэлгийн ерөнхий газрын байранд яамны харьяа агентлаг, газруудын дарга нарыг оролцуулан хуралджээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хувийн бизнес рүүгээ ойртуулсан гэх шүүмжлэлийн бай болоод буй Ж.Энхбаяр гишүүний хувьд Эдийн засаг, хөгжлийн сайд болсноор бие амарч эхэлж байна гэж хэлж болно. Нэг ёсны явдал суудал багатай ажиллах боломжтой болж буй. Учир нь өмнө нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байхдаа долоо хоног бүр Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хоёрын дунд явдаг байв. Энэ талаараа сайд Ж.Энхбаяр “Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автомашинаар явахад 1.30-2.00 цагийг л зарцуулдаг бол Улаанбаатар хот руугаа ороход их цаг зарцуулж байгаа” гэж ярьж байсан удаатай.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор яам, агентлагуудыг нийслэлээс гаргах Засгийн газрын бодлого нэг талдаа зөв ч нөгөө талдаа олон бизнес эрхлэгчдийн ажил, цагийг үрж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын албыг аваад удаагүй байгаа М.Бадамсүрэн Улаанбаатар хотоос яамыг нүүлгэсэн асуудлыг судалж, буцаан авч ирэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Ер нь бол цаашдаа яам Дархан-Уул аймагт хэвээр байна гэвэл салбар хариуцсан сайд бүр нь ихэнх цагаа явдал дунд л өнгөрөөх болж буй.