Нийслэлийн 2026 оны төсвөөс “Playtime Festival”-д зориулж ₮17.1 тэрбумаар авто зам тавьж, ₮530 саяар цахилгааны шугам барина
Нийслэл Улаанбаатар хотын 2026 оны төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аар хэлэлцэж байна.
Ирэх оны нийслэлийн төсөвт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime Festival”-д зориулж 17.1 тэрбум төгрөгөөр авто зам тавих, 530 сая төгрөгөөр цахилгааны шугам татах ажлын санхүүжилтийг багтаажээ.
Тухайлбал Налайх дүүргийн 3 дугаар хороо, Тоньюукукийн цогцолбор газраас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэл 8.4 километр авто зам, зам байгууламжийг 17.1 тэрбум төгрөгөөр барих аж.

Уг ажил нь энэ оны зургаадугаар сараас эхэлсэн бөгөөд “Чамбайзам” компани 17.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт шалгарч, эхний жилийн санхүүжилтэд 9.3 тэрбум төгрөг авсан байна. Ирэх онд үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлснээр “Playtime Festival” руу залуучууд засмал замаар очдог болох аж.
Мөн Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх цахилгааны ажилд 530 сая төгрөг төсөвлөсөн байна. Цахилгааны шугам татах ажлын тендер энэ оны зургаадугаар сард зарлагдаж, Мэнхэнтахилга ХХК шалгарчээ.

Эргэн сануулахад 2024 оны Playtime наадмын сүүлийн өдөр хотын дарга Х.Нямбаатар “ирэх жилийн “Playtime”-аас өмнө тус орчмын авто замыг шинээр тавьж, автомашины зогсоолыг байгуулна. Эрчим хүчний асуудлыг шийдэж өгнө” хэмээн амлаж байжээ