Х.Нямбаатар: Хоёр сарын хугацаанд бохир усны “Туул-1” коллекторын 1.6 км шугамыг угсарлаа
Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам “Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч төдийлөн хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх уг шугамыг 18 жилийн хугацаанд энд тэнд тарсан байдалтай угсарсан ч олон жилийн хугацаанд шугам элэгдэж, ашиглалтад хүлээн аваагүй зэргээс үүдэн дахин шинэчлэх шаардлагатай болж байна. Нийслэлээс “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг бие даан хэрэгжүүлэхээр хүлээн авч, өнгөрсөн намраас шугам угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 км шугамыг угсраад байна. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1500ф голчтой, бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хоолой ашиглаж шугам угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус ажлыг гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын ариутгах татуурга, бохир усны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг нийслэл бие даан хэрэгжүүлж байна. 2007 онд “Туул-1” коллекторын ажлыг үе үеийн Барилга, хот байгуулалтын яамд хариуцан явуулж байсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Энэ ажил Улаанбаатар хотыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулахад амин чухал ач холбогдолтой. Тиймээс нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс бонд босгож, өнгөрсөн намраас ажлыг шахаж хийж эхлээд байна. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Барилгын ажлын сарууд цөөхөн учраас хүйтний улирлыг ашиглаж энэ ондоо 2 км шугамыг угсарч дуусгаад, бараа татан авалтыг үргэлжлүүлж, хавраас дахин шугам угсралтын ажилдаа шамдан орно. Ажлыг тасалдахгүй байлгах үүднээс нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. УСУГ-аас долоон бригад, 70 гаруй хүнтэйгээр мэргэжлийн түвшинд ажлыг гүйцэтгэж байна. 2028 ондоо багтаж Туул 1 коллекторыг ашиглалтад оруулна. Нэмж хэлэхэд, 2028 онд мөн Улаанбаатар хотын усны асуудал, дулаан хангамжийн асуудлыг ч давхар шийдэж дуусна” гэдгийг тодотголоо.

“Туул-1” коллекторын газар чөлөөлөлтөд 79 нэгж талбар өртөж байгаагаас Баянгол дүүрэгт 57 нэгж талбар, тэр дундаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Улаанбаатар менежмент “Хэт” компанийн хойд хэсэгт 30 орчим нэгж талбар өртөж байна. 2026 оны нэгдүгээр улиралд багтаж аж ахуйн нэгж, иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийхээр төлөвлөж буй. “Туул-1” коллектор ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүсэх юм.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС