П.Ганзориг: Оюу толгойн гэрээний хүү хамгийн багадаа 3-4 хувиар буурах бүрэн боломжтой

9c5149a560e5e5eab32fdad715984133

Улсын Их хурлын гишүүн П.Ганзоригтой өнөөдөр эхэлж буй Оюу толгойтой холбоотой нээлттэй сонсголын талаар ярилцлаа.


-Энэ сонсголыг яг хэлэлцээр хийж байгаа цаг хугацаатай давхцуулж хийж байгаа юм бэ. Эсрэгээрээ хэлэлцээрт сөргөөр нөлөөлж магадгүй гээд байна шүү дээ?

-Хянан шалгах түр хороо энэ оны долдугаар сарын 2-нд УИХ-ын тогтоолоор батлагдсан. Хуульд заасан хугацаандаа ажлаа хийгээд нээлттэй сонсгол хийх үүрэгтэй. Яг ингэхээр хугацааны давхцал үүсч байгаа. Гэхдээ энэ асуудал дээр Засгийн газраас гарсан ажлын хэсгийн ажилд түр хороо оролцоогүй. Тэгэх ч үүрэггүй, бололцоогүй. Нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Харин ч хянан шалгах түр хороо байгуулагдсанаараа Засгийн газраас ажлын хэсэг гарч зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн гэрээтэй холбоотойгоор хоёр сайд идэвхтэй ажиллаж, эхний байдлаар үр дүнд гарсан. Энэ бол түр хорооноос идэвхтэй ажиллаж, шахаж байсны үр дүн гэж харж байгаа.

-Үүн дээр Монгол Улсын нэгдсэн эрх ашгийн тухай асуудал яригдаж байгаа. Тэгэхээр хянан шалгах түр хороо, Засгийн газраас гарсан ажлын хэсэг хоёр яг нэг чигт харж, асуудал дээр хандаж чадаж байгаа юу?

-Оюу толгойн гэрээтэй нээлттэй сонсголд нийтдээ 300 гаруй хүн оролцоно. Эдгээр хүмүүс бүгдээрээ л энэ гэрээний нөхцөлийг хангах чиглэлд ажилласан гэж бодож байна. Энэ удаагийн хянан шалгах түр хороо ч гэсэн ингэж ажилласан. Дээрээс нь Засгийн газраас гарсан ажлын хэсэгтэй нэгдсэн байр суурьтай байгаа.

Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Монгол Улс томоохон төслүүдэд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагч нарынхаа эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироох, хөндөх асуудлыг ярихгүй. Тийм ч учраас хянан шалгах түр хороо ч ийм бодлого барьж байгаа. Энэ гэрээ анх байгуулагдахад Монголын тал 50-иас дээш хувь хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өнөөдөр баялгаа ашиглуулчхаад өндөр хүүтэй зээлийн асуудалд ороод явж байна. Өмнө нь УИХ-ын тогтоолоор энэ хэд хэдэн удаа хөндөгдсөн ч шийдэгдээгүй. Харин шийдэж чадахгүй байгаа шалтгаан нь юу юм гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Зарим тохиолдолд эс үйлдэхүй гаргаж, идэвхтэй ажиллаагүй хүмүүс ч байгаа. Энэ зүйлүүдийн талаар ард түмэн мэдээлэл авч, бодитой дүгнэлт хийгээсэй л гэж хүсч байгаа юм. Маш сайн үр дүн гаргасан ажлын хэсэг, төлөөлөл ч байгаа. Тиймээс энэ бүхнийг мэдэх, ойлгох боломж нь энэхүү сонсгол гэж харж байна.

-Гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрсийг яаж гаргасан бэ?

-Хянан шалгах хороонд УИХ-ын гишүүдээс гадна мэргэжлийн 18 шинжээч ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн сүүлийн гурав, дөрвөн сар ажиллахдаа 65 мянган хуудас материалыг судалж, тэдгээр хүмүүсийн нэрийг гаргасан. Тийм учраас аль нэг гэрчийг нь хас, нэм гэх боломж байхгүй. Хараат бус, бие даасан байдлаар шинжээчид ажиллаад явж байгаа. Харин тэр гэрчээр дуудсан хүмүүсийг буруутай, буруугүй гэж яллах гээд байгаа юм биш. Зүгээр л бодит мэдээллээ өгөөч гэж байгаа юм.

-Зарим нэг хүн гэрчээр оролцох боломжгүй гэж мэдэгдээд байгаа. Гэрчээр дуудагдсан хүн оролцохгүй бол яах вэ?

-Хуулиараа бол оролцох ёстой. Гэхдээ оролцохгүй байлаа гэхэд Зөрчлийн хуулийн л зохицуулалт байгаа юм байна лээ. Уг нь бүгд оролцоод мэдээллээ өгөөд явах нь хэрэгтэй.

-Маш их хэмжээний баримт цуглуулсан. Гэхдээ олон нийтэд нээлттэй үзүүлж болохгүй байна гэсэн. Чухам яагаад үзүүлж болохгүй байгаа юм бэ?

-Цуглуулсан баримт дотор нууцад авсан зүйлүүд байгаа. Хувь нийлүүлсэн болон хөрөнгө оруулагчийн гэрээ гэж байгаа. Бид анхнаасаа хөрөнгө оруулагчдын гэрээн дээр л анхаарал хандуулаад байсан болхоос биш хувь нийлэгчдийн гэрээнд маш нарийн зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ бүхэн анхнаасаа нууцад авагдаад явчихсан учраас олон нийт мэдээлэл авч чадаагүй. Тэгэхээр энэ хугацаанд цуглуулсан баримтуудын талаас илүү нь нууцад байгаа. Заримыг нь Оюу толгой өөрөө компанийн нууцад авчихсан. Тийм учраас олон нийтэд ил болгох боломжгүй.

-Дуудагдсан гэрчүүд нь оролцохгүй бол энэ сонсгол үр дүнд хүрэхгүй юм биш үү?

-Зайлшгүй оролцох ёстой гээд хүмүүсийг ангилаад байж болохгүй. Мөн гэрч нар оролцохгүй байлаа гээд сонсголыг хуулиараа хойшлуулах боломжгүй.

-Оюу толгой компаниас хүмүүс сонсголд оролцох уу?

-Өнөөдөр сонсгол эхлэнэ. Тиймээс ажлын хэсгээс мэдээлэл өгөөд явна. Ер нь бол Оюу толгой компаниас төлөөлөл оролцоно гэсэн мэдээлэлтэй байгаа.

-Зээлийн хүүг хэд орчим хувиар бууруулах боломжтой гэж харж байгаа вэ?

-Засгийн газраас гарсан ажлын хэсэг энэ асуудал дээр маш нарийн тооцоо хийгээд ажиллаж байгаа байх. Тийм учраас би өнөөдөр тэд гээд хэлж болохгүй. Гэхдээ жишээ хэлэхэд, манай улс гаднаас бонд босгохдоо зургаа орчим хувиар л авдаг. Гэтэл Оюу толгойн 34 хувьд ногдох зээлийн хүү нь 11 хувь. Бараг хоёр дахин өндөр байгаа. Тэгэхээр олон улсын жишигт нь аваачаач ээ л гэж байгаа юм. Хамгийн багадаа 3-4 хувиар буурах бүрэн боломжтой.

-Оюу толгойн удирдлагыг монгол хүнээр сольсон. Энэ нь сонсгол, зээлийн хүүгийн асуудалд нөлөөлөх болов уу?

-Сонсголын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй болов уу гэж харж байгаа. Ер нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Оюу толгойн удирдлага зөндөө солигдсон. Тийм учраас өнгөрсөн хугацааны бүх баримт дээр суурилах учраас бэлдээд хариулаад явах үүрэгтэй.

-Та яриандаа Оюу толгой компани зарим баримтыг нууцад авсан гэсэн. Тэрийг нь нууцаас гаргах боломж байгаа юу?

-Оюу толгой байгууллагын нууцад авчихсан зүйлүүд бий. Тиймээс бид сонсголыг үр дүнтэй болгох үүднээс нууцаас гаргаж өгөөч гэдэг асуудлыг бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Нууцаас гаргах эрх нь Засгийн газарт байгаа. Одоогоор хариу ирээгүй. Тиймээс одоо байгаа, ил тод болгож болох мэдээлэлдээ үндэслээд сонсголыг явуулна.

About Author