ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ: Гол гэрчүүд “зугтаж”, улсынхаа эрх ашгаас урвасан гэдгээ эс үйлдлээрээ нотлох уу
Эх сурвалж: Zuv.mn
“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ өнөөдөр эхэлж байна.
Өнөөдөр /XII.08/ Сонсголын эхний өдөр “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэх юм.
Энэхүү хоёр лицензийг тойрсон олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Тэдгээрээс хамгийн ноцтой нь, дээрх хоёр тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлах нөхцөл бүрдсэн байхад тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт үл харгалзан сунгасан эсэх асуудал юм.
Харамсалтай нь, сонсголд гэрээ байгуулах үеийн Засгийн газрыг тэргүүлж байсан С.Баяр, Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтнүүд сонсголд оролцохгүй гэсэн мэдээлэл гараад байна.
Оюутолгойн гэрээ бол ардчилсан Монгол Улсын түүхэнд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ. Баялаг нь том учраас өгөөжөө өгч байгааг үгүйсгэхгүй ч илүү боломж байсан эсэх, цаашид илүү болгох боломж бий эсэх асуултдаа ард иргэд хуулиар олгогдсон эрхээ эдэлж мэдээлэл авах гэж байна.Өөрөөр хэлбэл, Нийтийн сонсголын тухай хуулиар иргэд давуу эрхтэй болох, ажил хариуцсан хүмүүс үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг энэ даваа, лхагва, баасан гарагуудад олдож буй. Ямар үр дүн гарахыг бид өнөөдөр харна. Хэрвээ ажил хариуцсан гол хүмүүс ирэхгүй бол гэрээ алдаатай байсныг энэхүү эс үйлдлээрээ нотлох юм.
Сонсголд дуудагдсан гэрчүүдийг хүргэж байна. Эдгээр дуудагдсан гэрчүүд нь Оюутолгой тойрсон олон жилийн эргэлзээтэй асуудлуудад өөрийн биеэр ирж тайлбар хийх, олон нийтийг мэдэх эрхээр хангахад дэмжлэг болох гэрчүүд юм. Иймд эх орныхоо төлөө энэхүү боломжийг ашиглаж нээлттэй сонсголд идэвхитэй оролцож, үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсч байна.





