Ч.Лодойсамбуу: МАН сонгуулийнхаа сүлжээнд улсын төсвөөс жил бүр 48 тэрбумыг хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй
Эх сурвалж: Zuv.mn
УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хэсгийн ахлагч” гэх албан тушаалийг байхгүй болгож, жил бүр улсын төсөвт тусгагдаж буй 48 тэрбум төгрөгийг хэмнэх ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл санаачилна хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хэсгийн ахлагч нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1’200’000 төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн байна. Үндсэн хуулиараа Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай.
Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг хуулинд байхгүй тул журмаар тогтоодог.
Иргэдэд хууль таниулах, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах ч гэх шиг хачин хачин ажил хийлгэхээр цаасан дээр гэрээлдэг юм байна. Мэдээллийн технологи хангалттай хөгжиж хүн бүрийн гарт мэдээлэл өөрөө ирдэг болсон энэ үед хүний чихэнд үг зөөж хаалга тогшиж гүйдэг тусгайлсан хүн төрд лав хэрэггүй. Хэсгийн ахлагчид бол эрх баригчдын сонгуульд айл өрхүүдийг багцлах, амжиргаагаар нь барьцаалж сүрдүүлэхэд л “хянагч” болгож ашиглахад хэрэгтэй. Тэгэж ч хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн сонгууль, сая тойрогтоо ажиллах үедээ нүдээрээ үзсэн.
Хүний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхийг боомилж, багцалж хайрцаглах, эвтэйхнээр сүрдүүлэх нууц үүрэгтэй Үндсэн хуулийн бус энэ бүтцийг цаашид татвар төлөгчдийн мөнгөөр нэг ч өдөр тэтгэх хэрэггүй. Аль болох хурдан зогсоохоос гадна нэгэнт хууль бус тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг нь нэхэн төлүүлж төрийг хохиролгүй болгох ёстой. Иймд, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болж байна” гэлээ.