Хар ус, Дөргөн нуур, Буянт гол зэрэг баруун бүсийн усны нөөцийг хамгаалах ажлыг эхлүүлжээ
БОАЖЯ-аас хэвлэлийн хурал зохион байгуулж, баруун бүсийн усны нөөцийг хамгаалах ажил эхлүүлснээ мэдээлэв.
Тодруулбал, Усны газраас усны нөөц бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Монгол орны баруун бүсэд байдаг томоохон нууруудыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
Үүнд Хар ус нуур орчмын эко системд хамаарах Хар ус нуур, Дөргөн нуур, Чоно харайхын гол, Буянт гол, Ховд гол зэрэг багтжээ. Энэ хүрээнд Дөргөн нуур, Хар ус нуур болон Чоно харайхын голын асуудлыг шийдэхээр судалгаа хийж байна.
Түүнчлэн Дөргөн сумын хүн амын усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дөргөн нуурын усыг цэвэршүүлэх хувилбарууд боловсруулж байгаа аж.
Хар ус нуурын эко системийг цогцоор нь хамгаалснаар баруун бүсийн усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлж чадна гэдгийг албаныхан онцолж байлаа.
“Заарт хархны тоо толгой олширч Хар ус нуурын эко системийг алдагдуулж байна”
Үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг Заарт хархны тоо толгой олширч Хар ус нуурын эко системийг алдагдуулж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Заарт харх буюу бидний нэрлэж заншсанаар ондатр. 1967 онд Сэлэнгэ аймгийн Орхоны цутгал Буйр голоос Ховд аймгийн Хар ус нуурт үржүүлгийн 50 заарт хархыг нутагшуулсан байдаг. Заарт хархыг агнуурын зориулалтаар арьсыг нь ашиглаж ирсэн. Тоо толгой нь олширч, тухайн газар нутагтаа эко системийн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлд орсон байгаа. Иймээс Хар ус нуурт үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан тодорхой хэмжээний агнуурыг зохион байгуулсан. Ховд аймгийн байгаль орчны байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу заарт хархыг агнах зөвшөөрлийг олгож байгаа” гэв.