Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн зарим салбар агшиж байна

hurelbaatar

УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Нүүрсний үнэ төсөөлж байсан хэмжээнээс буурснаас төсвийн орлого тасарч байгааг УИХ-ын гишүүд хэлж байна. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт хэр дутах бол. Ирэх оны эдийн засгийн төлөв байдал болон хамгийн том сорилт юу байх вэ?

-Миний хувьд улсын төсвийн орлого тасарч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж харж байна. Нэгдүгээрт, анх улсын төсвөө батлахдаа орлогыг хэт өөдрөг тооцоолж, түүндээ тааруулж зардлаа өсгөсөн. Одоо тэр өсгөсөн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд орж байна. Төсвийн байгууллагууд зөвхөн цалингаа л тавьж, бусад зардлаа санхүүжүүлж чадахгүй хэмжээнд хүрлээ. Төсвийн байгууллагууд ирэх 2026 он руу өртэй л орох дүр зураг харагдаж байна. Улсын төсөв цалин, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг л санхүүжүүлж байх шиг байна. Хоёрт, Эдийн засгийн зарим салбар хүнд, өсөх биш агшиж байна.

Энэ онд эдийн засгийн өсөлт гарч байгаа гол салбар болох хөдөө аж ахуйн салбар нь өөрөө татвар төлдөг салбар биш голдуу татаасаар амьдардаг салбар. Тэгэхээр эдийн засаг өссөн ч төсвийн орлого бүрдэхгүй байгаа юм.

Мөн зэсээс бусад уул уурхайн салбар уналттай байна. Тэгэхээр төсвийн орлого тасалдах нь тодорхой. Энэ 2025 онд гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин буурчээ. Хөрөнгө оруулалтгүйгээр улс хөгжихгүй, төсвийн орлого нэмэгдэхгүй. Хөрөнгө оруулагч нарт ээлтэй байхгүй бол эдийн засгийн уналт үргэлжилнэ. Бүр чанга ч унаж магадгүй.  Төсвийг байн байн тодотгодог маш муу жишиг уламжлал болон тогтчихлоо. Энэ нь их олон гайг ирээдүйд авчирна шүү. Олонд таалагдахын тулд олонтоо гараад байгаа тодрох хүсэл, попрох үйлдлүүд их хортой байдаг.
 -Цаашид улсын төсвийг дахин тодотгох нөхцөл байдал руу орох вий гэх болгоомжлол байна. Сангийн сайд байсан хүний хувьд 2026 оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Төсвийн тодотгол бол хүсээд байх зүйл биш, аль болохоор хийхгүй байхыг л хичээх ёстой. Төсвийн орлого хоёр их наядаар тасрах гэж байгаа талаар УИХ дээр яригдаж байна лээ. Хэрвээ тийм бол олон зардлыг санхүүжүүлэхгүй гэсэн үг. Төсвийн байгууллагууд нэлээд өртэйгөөр мөн зарим хөрөнгө оруулалт санхүүжүүлэхгүйгээр 2026 он руу орно гэсэн үг. Үүнийг төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд залруулах байх эсвэл 2027 оны төсөвт суулгах замаар шийдэх учиртай.
 -УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар мэдэгдсэн. Энэ хуулийн төслийн хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярина гэсэн. Энэ хууль хэрэгжих хэр боломжтой вэ?
-Татварын өршөөлийн хууль санаачлах гэж байгаа яриаг сонссон. Өнгөрсөн 2015 оны Татварын өршөөлийн хуулийн олон заалт мөнгө угаахын эсрэг олон улсын конвенц, ФАТФ(FATF)-ын олон заалтыг зөрчсөн байдаг юм. Ер нь 2015 оны Татварын өршөөлийн энэ хууль бол Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг үндсэн шалтгаан болсон. Монгол Улс саарал жагсаалтаас гарах гэж бөөн юм болсныг монголчууд бид мартаад хэрэггүй. Ийм гашуун сургамж байхад дахин саарал жагсаалтад орж дэлхийгээс таслагдаад хэрэггүй биз ээ.
 -Оюутолгойн асуудлаарх Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд нийт 300 гэрчийг дуудсан. Тэдний нэг нь та. Оюутолгойн төслийн зээлийн хүүг бууруулах гэрээнд заасан хугацаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ цаг үед нээлттэй сонсголыг зохион байгуулж байгааг юу гэж харж байна вэ?
-Нийт тав хоног үргэлжлэх Оюутолгойн ордын асуудлаарх нь хяналтын түр хорооны сонсголын гурван өдөрт нь гэрчээр дуудагдсан. Оюутолгойн ордын талаарх янз бүрийн мэдээлэлд цэг тавьж, ойлголтыг тал талдаа бүрэн гүйцэт өгөх сонсгол болох болов уу гэж найдаж байна. Монгол бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог ардчилсан засаглалтай жижиг улс. Тийм учраас Монгол Улсад хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас гадна гуравдагч орны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компани 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Алдсан оносон зүйлүүд байгаа нь мэдээж. Тийм учраас сонсголоор өнгөрсөн хугацааны ололт амжилтаа ярьж, засч залруулах зүйлсээ хэлэлцээд явах учиртай. Анх Ерөнхий сайд М.Энхболдын Засгийн газрын үед миний бие Оюутолгойн хэлэлцээрийг ахалж байсан. Тэр үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлсэн боловч сонгууль дөхсөн байсан учраас тухайн үеийн сөрөг хүчний эсэргүүцлийн улмаас батлагдаагүй.

Тэр хөрөнгө оруулалтын гэрээн дээр Монголын тал 34 хувиа үнэ төлбөргүй шилжүүлж авахаас гадна зэс хайлуулах үйлдвэрийг таван жилийн дотор эх орондоо барьж байгуулахаар тусгасан.

Тэр зэс хайлуулах үйлдвэрийн 34 хувийг Монгол эзэмших байсан юм. Таван жилийн дараа гэхээр хөрөнгө оруулалт шуурхай хийгдсэн бол 2012-2013 онд Монгол Улс цэвэр зэс гаргаж авдаг үйлдвэртэй болчих байсан. Эрчим хүчээ 100 хувь Монгол Улсаас авна гэдэг заалттай. Мөн Политехникийн дээд сургуулийг олон улсын хэмжээний инженер бэлтгэдэг хөрөнгө оруулалтыг хийнэ гэх мэт олон таатай нөхцөлтэй хэлэлцээр байсан. Харамсалтай нь, 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө байсан учраас сөрөг хүчин тухайн үедээ идэвхтэй эсэргүүцсэний улмаас энэ хөрөнгө оруулалтын гэрээг батлаагүй гэдгийг хэлье. Дараа нь Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Бид цаг хугацааг нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 1930 онд дэлхийн эдийн засгийн маш том хямрал нүүрлэсэн бол түүний дараагийн хямрал бол 2008-2009 онд болсон байдаг. Яг тэр үед хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үеийн Засгийн газар хэлэлцээр хийж, УИХ-аар баталсан байдаг. Тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт -1.3 хувьтай, зэсийн үнэ 3000 ам.доллараас доош унасан маш хүнд нөхцөл байдалтай байсан. Харин М.Энхболдын Засгийн газар 2007 онд гэрээ хэлэлцээр хийж байхад дэлхийн эдийн засгийн өсөлт нь 4.4 хувьтай, зэсийн үнэ нь 8000-9000 орчим ам.доллартай байсан цаг үе. Өөрөөр хэлбэл, энэ хоёр гэрээ бол эдийн засгийн өөр өөр нөхцөл байдалд хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг онцолж байна. Аливаа гэрээ хэлцэл гэдэг бол тухайн үеийнхээ нөхцөл байдалдаа хийгддэг.

Би Оюутолгойн сонсголоос эерэг үр дүн гараасай гэж бодож байна. Арай ч гадаадын хөрөнгө оруулагч нараа үргээж болохгүй байх.

Монголын олон сайхан залуус гадаад улсад ажиллаж, амьдарч байна. Тэгвэл тэр гадаадад очиж ажиллаж байгаа үйлдвэр, банк, уурхай  нь Монгол Улсад ороод ирвэл өөрсдөө эх орондоо ажиллах боломж бүрдэнэ. Иргэдийн олсон орлого нь эх орондоо үлдэж, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжил дэвшлийн төлөө зарцуулна. Тийм учраас монголчууд бид хөрөнгө оруулалтын асуудалд маш болгоомжтой хандахгүй бол хэт улстөржсөн попрол эдийн засгаа туйлдуулж байна. Монгол Улсын заяа их гэдэг утгаараа сонсголоос эерэг үр дүнг хүлээж байна.

-Монгол Улс Оюутолгойн ордоор тав дахь сонсголоо хийж байна. Нээлттэй сонсголоос ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Нээлттэй сонсголоо яаж явуулахаас шалтгаална. Улс орноо бодоод алдаагаа чин сэтгэлээсээ засч залруулъя гэвэл энэ сонсгол эерэг үр дүнгээ өгнө. Харин өөр зорилго тавивал үр дүнд хүрэхгүй, хор болох магадлалтай. Тийм учраас би ний нуугүй хэлэхэд сонсголд эерэг сэтгэгдэлтэй оролцож байна. Аливаа асуудлыг сөрөг гэхээс илүүтэй эерэг талаас нь харж, ажиллавал улс орон маань хөгжинө. Тэгж байж чадвал улс маань хөгжинө.

About Author