О.Номинчимэг: Тамхины гаалийн татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байна гэсэн үг
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээртэй холбоотойгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан УИХ–ын гишүүн О.Номинчимэгээс зарим тодруулгыг авлаа.
-Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотой тамхины гаалийн албан татварыг тэглэх гэж байгаа талаар яриа гараад байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Евразийн эдийн засгийн хэлэлцээрээр Монгол Улс аль хэдийн гарын үсэг зурсан. УИХ энэ долоо хоногт соёрхон батлахаар хэлэлцэх гэж байна. Евразийн эдийн засгийн хэлэлцээр нь Монгол Улсын хуультай адилхан үйлчлэх процесс гэсэн үг.
Өмнө нь дөрөвдүгээр сард тус хэлэлцээрийг УИХ-аар зөвшилцөхөөр оруулж ирэхэд янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэх нөхцөлтэй байсан тул тухайн үед ингэж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж, бухимдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Тийм ч учраас энэ асуудлаар олон нийтэд хандаж байсан. Гэтэл одоо энэ асуудлыг засаж залруулахгүйгээр оруулж ирж байна.
Ер нь дэлхий дахинаа янжуур тамхины хор хөнөөл маш их. Монгол Улсад, ялангуяа маш хямдхан тамхитай ийм нөхцөлд гаалийн албан татварыг, тэр тусмаа тамхи, архи гэсэн хортой бүтээгдэхүүн дээр байхгүй болгоно гэдэг маш хортой. Энэ нь нэгдүгээрт, нийгмийн эрүүл мэндийг хохироох үйлдэл болно. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй төрийн данс улайлаа гэж ярьж байгаа ийм нөхцөлд хортой бүтээгдэхүүнээс авдаг татварын орлогоо хасна гэдэг нь зөв шийдэл мөн үү. Гаалийн албан татвар тэглэгдэх юм бол Монгол төр хорт хавдрын өмнө цагаан тугаа өргөж байгаа л хэлбэр гэж би харж байна. Ер нь тамхины татвар тэглэхэд оршуулгын газар нэмэгдэнэ гэдэг үг байдаг. Тэгэхээр энэ бол маш ноцтой асуудал. Үүнийг засаж залруулах, дотоодын арга хэмжээгээр яаж залруулах боломжтой вэ гэдгийг Засгийн газар, УИХ хоорондоо ярилцсан гэж би ойлгож байгаа. Гэвч одоо хуулийнхаа хэлэлцээрээ батлуулахаар орж ирж байгааг хувь хүний хувьд би буруу гэж бодож байгаа.
– Таны өргөн барьсан байгаа Тамхины хяналтын тухай хуульд татварын талаар хэрхэн тусгаж, өөрчилсөн байгааг тодруулахгүй юу?
-Тамхины гаалийн албан татварыг тэглэх нь маш буруу. Түрүүн хэлсэнчлэн ер нь бол бид дэлхийд байхгүй хямдхан тамхитай улс болчихсон. Тийм атлаа татвараа бүр тэглээд, байхгүй болгоно гэдэг бол нийгмийн эрүүл мэндээ хаяж, ерөөсөө тамхиа татаад, хавдраар өвчил гэж байгаатай адил. Жилд 4,300 хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж байгаа өнөөгийн нөхцөлөө дордуулж, 10-15 мянга болгоё л гэсэн төрийн бодлого гэж харахаас аргагүй. Гэхдээ ийм зорилгоор хийгээгүй гэж уг нь найдаж байна. Гаалийн албан татвар бол өөрөө төсвийн орлого болоод эмч, багш нарын цалин, сургууль цэцэрлэгийн зардалд явдаг төсвийн орлого байдаг. Үүнийгээ байхгүй болгоод, маш хямдхан тамхийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр одоо 3-4 мянган төгрөгийн үнэтэй, угаасаа талхнаас хямдхан байгаа янжуур тамхи чинь 30%-ийн татвараа авахаа больчихоор зайрмагнаас хямдхан янжуур тамхитай улс болох гэж байна шүү дээ. Энэ бол байж болшгүй асуудал юм.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг миний бие УИХ-ын 77 гишүүнтэй хамт өргөн барьсан. Энэ хуульд тамхины хяналтыг сайжруулж, татварыг үе шаттайгаар нэмж, хэрэглээг багасгах гэсэн зорилтын хүрээнд онцгой албан татвар, гаалийн албан татварыг тооцоолсон байгаа. Мөн гаалийн албан татвар дээр зарим электрон тамхи 5%, эсвэл 20% гээд янз бүр байсныг жигд болгож бүх бүтээгдэхүүнүүдээс 30%-ийн гаалийн албан татвараа авдаг байхаар тусгасан. Онцгой албан татварыг үе шаттай нэмнэ гэж оруулсан байгаа.
-Энэ талаар та ямар нэгэн мэдэгдэл хийж, арга хэмжээ авах уу? Улс орны нэгдмэл эрх ашигт харших ийм хэлэлцээрийг хэрэв хүч түрэн баталбал яах вэ? Үр дагавар нь ямар байх вэ?
– Миний хувьд одоогоор ОУПХ-ны парламентын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар гадаад улсад томилолттой ажиллаж байна. Энэ цаг хугацаатай давхардаж байна. Ер нь энэ байр суурийг өөрийн бүлэг дээрээ илэрхийлсээр ирсэн. Энэ асуудлыг энэ чигээр нь одоо батлах биш, гажуудлыг засах буюу дотоодын хууль тогтоомжоор дамжуулж арга хэмжээ авах ёстой. Хэрвээ гаалийн албан татвараа энэ хэлэлцээрээр тэглэж байгаа бол үүнтэй тэнцүү хэмжээний татварыг онцгой албан татвар дээр нь заавал нэмж өгөх ёстой. Ингэхгүй бол Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орон болох ОХУ, Казакстан улсаас орж ирдэг тамхинаас гаалийн албан татвар авдаггүй, бусад Солонгос, Хятадаас орж ирдэг тамхи нь 30%-ийн гаалийн албан татвартай болно гэсэн үг.
Энэ нь өөрөө худалдааны эрх тэгш байдлыг хангахгүй, харин зөрчих нөхцөл байдалд орно. Зах зээл дээр ч маш том гажуудал үүснэ. Энэ шийдлийг харамсалтай нь Засгийн газар оруулж ирсэнгүй. Миний хувьд Монголд буцаж очсоныхоо дараа энэ талаар мэдэгдэл хийж, байр сууриа нээлттэй илэрхийлэх болно.