“$6 тэрбумын зээл дээр $19 тэрбумын хүү төлнө гэж юу гэсэн үг вэ. Рио Тинто бага хүүтэй зээл авчхаад Оюутолгойд өндөр хүүтэй зээлдэг”

3brxfh__GET3105_x974

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр мэдээлэл сонсож байгаа юм.

Энэ үеэр “2010 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан Оюутолгой төслийг техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагч тал 47 хувийн өгөөж, Монголын тал 53 хувийн өгөөж хүртэнэ гэсэн тооцоолж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Засгийн газрын мэдээлж буйгаар Монголын тал 37 хувийг өгөөж хүртэж байна” хэмээн шинжээч дүгнэлтээ танилцуулсан юм.

Уг танилцуулгатай холбогдуулан Түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Анх манай улс 50-аас дээш хувийн өгөөж хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан эсрэгээрээ санхүүгийн мөнгө хүүлэх схем болж хувирсан байна. Рио Тинто группийн 2024 оны байдлаар борлуулалтын орлогын 4 хувийг Оюутолгой компани эзэлж байгаа ч цэвэр ашгийн 13 хувийг хүүгийн төлбөрөөр оруулж байгаа.

Оюутолгойн борлуулалтын орлогын 2.2 тэрбум ам.долларын 1.5 тэрбум ам.доллар нь хүүгийн төлбөрт явж байна. Тэгэхээр уул уурхайн төсөл санхүүгийн мөнгө хүүлэлтийн схем үү гэдгийг тодорхойлох ёстой.

Хүүгийн түвшин олон улсын жишигт нийцэх ёстой. Гэтэл Рио Тинто бонд гаргахаараа 5.1 хувиар мөнгө татдаг. Оюутолгой компанид өгөхөөрөө 11 хувьтай зээл өгдөг. Онтрэ компанид зургаан хувиар зээл өгдөг.

Хүүгийн зардал хязгаартай байх ёстой. Менежментийн зардал өндөр тавигддаг. Онтрэ компаниас 1.2 хувиар тооцож менежментийн зардал авдаг бол Оюутолгой дээр 5 дахин өндөр.

Сангийн сайд асан С.Баярцогт: Таны ярьсан зүйлтэй санал нэг байна. Бид одоо л зөв ярьж байна. Энэ гэрээ анх хүндрэлтэй хийгдсэн. 2007 онд LIBOR 3.3 хувьтай, менежментийн төлбөр нь 3, 6 хувь гэж байсан. Дээр нь татвар хамааруулахгүй, зардалд оруулна гэж тооцсон.

Бид анх манай талын өгөөжийг 53 хувиас буулгахгүй гэж байсан. Тэр үед Рио Тинтогоос хоёр баг гаргаад өөрсдийн моделиор тооцдог, манайх бас өөрийн модельтой. Асуудал нь манай хоёр дахь төсөл дээр маш их хөнгөлөлт үзүүлснээс болж эхэлсэн.

Анхны гэрээн дотор давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэх эрхийг нээчихсэн байсан. Гэтэл манайхан үүнийгээ ойлгохгүй, Монголын 34 хувь байхгүй болчихлоо гэдэг улс төр болсон.

“Оюу толгой” компанийн Санхүүгийн газрын захирал Б.Дуламсүрэн: 2022 оныг хүртэл зээлийн хүү дунджаар 7.2 хувь байсан шүү дээ. Гэтэл шинжээч зээлийн хүү 11.3 хувь байна гэж яриад байна. Яаж энэ тоо гараад байгааг ойлгохгүй байна. Манай тооцооллоор зээлийн хүү өнөөдрийн байдлаар 10.9 хувьтай байгаа.

Сүүлийн гурван жилд л 10 хувиас дээш болж өссөн. Өмнө нь дунджаар 7.2 хувь байсан шүү. Өнөөдрийн байгаа тоог дандаа ийм байсан юм шиг ярьж болохгүй.

“Төслийн санхүүжилтийн зээл бол гадаадын байгууллагуудаас зээл гаргуулж, манай лицензийг барьцаанд тавьж, манай улсыг шахалтад оруулсан хэлбэр байсан”

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан: Би банк санхүүгийн мэргэжлийн хүн. Түр хорооны шинжээчид маш дүгнэлт гаргасан. Рио Тинто компанийн зээлийн хүүг Оюутолгойтой харьцуулж болохгүй гэж байна, яагаад болохгүй вэ.

Рио Тинто чинь өөрсдөө бага хүүтэй зээл авчхаад Оюутолгойд өндөр хүүтэй зээлж дундаас нь ашиг авч байна.

Сүүлийн таван жилд би Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилласны хувьд өнөөдрийн байдлаар дүгнэхэд Рио Тинто компани санхүүгийн мөлжлөгийг Оюутолгой дээр явуулж байна. 1.8 тэрбум ам.долларын татварын төлбөрийг 1.4 тэрбум ам.долларын менежментийн төлбөртэй харьцуулаад суугаад байж болохгүй. Рио Тинто компани Оюутолгойгоос менежментийн төлбөр, зээлийн баталгааны шимтгэл, гэрээт үйлчилгээний төлбөр, зээлийн төлбөр гэж авдаг.

2025 оны долоодугаар сарын байдлаар Рио Тинто компани нийт 570 сая ам.долларыг зөвхөн баталгааны шимтгэлд авсан. Менежментийн төлбөрт 1.2 тэрбум ам.доллар, гэрээт үйлчилгээний ажилд 370 сая ам.доллар. Нийт 2.2 тэрбум ам.долларыг зээлийн санхүүжилт биш, хувьцааны санхүүжилт ч биш үнэ шилжүүлэлт бус тухайн үйл ажиллагаа явуулж буй орон нутагтаа татвараас зайлсхийх, ашгаа түрүүлж хүртэх схем явж байгаа.

Нэгдүгээр баганад байгаа хувьцааны санхүүжилтийг тэглэхэд миний бие 2021 онд олон нийтэд мэдээлж, 22 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн хэмжээ өсөн ногдол ашиг авч чадахгүй болох нь гэдгийг мэдэгдсэн.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, зээлийн бүтцийг шинэчилье гэдэг асуудлыг Оюутолгой компанид сүүлийн гурван жил тавьж байгаа. Гэтэл Мөнхсүх захирал “бид энэ асуудлыг судалж байгаа” гэсэн. Та нар ямар удаан судалдаг юм бэ. Хоёр жилийн хугацаанд манай улсад өдөр бүр хүү тооцогдож байна. Өдөрт 13 тэрбум төгрөгийн зээлийн хүү тооцогдож байна гэсэн.

Төслийн санхүүжилтийн зээл бол гадаадын байгууллагуудаас зээл гаргуулж, манай лицензийг барьцаанд тавьж, манай улсыг шахалтад оруулсан хэлбэр байсан. 2021, 2022 онд хэлэлцээр хийхдээ далд уурхай бүтээн байгуулалт дээр хийсэн менежментийн асуудлыг гаргаж ирсэн.

Рио Тинто компани өөрсдөө хүүгээ бууруулъя гээгүй, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ алдааны балаг нь хувь нийлүүлэгчдийн зээл дээр явж байгаа. Зургаан тэрбум ам.долларын зээл дээр 19 тэрбум ам.долларын хүү төлнө гэж юу гэсэн үг юм бэ. Үндсэн зээлээ дөрөв дахин нугалж төлж байна. Тиймээс манай улсын Засгийн газар яаралтай хэлэлцээр хийх шаардлагатай.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/855209913765519

Эх сурвалж: ikon.mn

About Author