Б.Лхагвасүрэн: Арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүсний дараа 20 га газар дээр сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний барилга барина
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко парк руу нүүсний дараа тухайн үйлдвэрийн бүсийн 30.27 га газрыг дахин төлөвлөх барилгажилтын төслийг гүйцэтгэж дуусжээ.
Энэ тухай Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Лхагвасүрэн “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн бүсийн 30 га газрыг дахин төлөвлөх бодлогын баримт бичгийг 2024 оноос эхлэн боловсруулж дууслаа. 20.5 га газар дээр дахин төлөвлөлт хийнэ. Ингэхдээ худалдаа, үйлчилгээний болон сургууль, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг барихаар хорооны оршин суугчдын саналыг үндэслэж төлөвлөлөө” гэв.
Уг байршлын хөрсний бохирдол, доройтлыг нөхөн сэргээж, 1.2 га газрын ногоон байгууламжийг 6.7 га болгох бол явган хүний зам, дугуйн зам, сургууль, цэцэрлэг, авто зам дагуу үерийн байгууламж угсрахаар төлөвлөжээ.