УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолтоо тайлбарлах нь зүйтэй (1)

Улс орон хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангаллаа. Баяр ёслол тэмдэглэхгүй, төрийн албан хаагчийг бичгийн цаасаа хүртэл хэмнэхийг шаардаж байна. Гэтэл данхар бүтэцтэй УИХ-ын гишүүдийн томилолтын зардал талийж өгсөн. Зөвхөн 2025 онд гадаад томилолтод зориулж 2 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан. Энэ мөнгөнийхөө 90 орчим хувийг эхний хагас жилдээ л зарцуулаад дууссан. Тодруулбал, УИХ-ын гишүүд төсвийн 1.7 тэрбум төгрөгөөр гадагшаа томилолтод явжээ.

Гадаад томилолтоор хамгийн олон удаа явсан гишүүнээр залуу гишүүн С.Цэнгүүн тодорч байна. Тэрбээр 22 удаа гадаад томилолтод явсан. Үүнийхээ 21 томилолтыг бусад эх үүсвэрээр, нэг томилолтыг улсын зардлаар шийдүүлсэн гэнэ.

Жил хүрэхгүй хугацаанд 22 удаа томилолтоор явснаа С.Цэнгүүн гишүүн тайлбарлахдаа “Хамгийн залуу гишүүн учир гадаад томилолтод их явлаа. Залуу парламентчдын холбоо, Залуу эмэгтэй парламентчдын холбоо зэрэг улс төрийн залуу манлайлагчдын хөтөлбөрүүдэд нэлээд хамрагдлаа” гэсэн. Харин томилолтын бусад эх үүсвэр буюу санхүүжилтээ тайлбарлаагүй.

Гадаад томилолт ихэдсэн гишүүд төсвийн зардлыг үргүйдүүлж, албан томилолт гэх нэрийн дор гишүүний үүргээ биелүүлдэггүй, хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, ажлаа орхигдуулдаг болохыг бусад гишүүд нь ч хэлж байна. Тиймээс гадаад томилолтоор тэргүүлсэн С.Цэнгүүн болон П.Батчимэг, А.Ундраа, Д.Цогтбаатар, Ч.Номин, Д.Энхтуяа, Ж.Чинбүрэн нарын УИХ-ын гишүүд томилолтын эх үүсвэр, зардлаа тайлагнах нь зүйтэй. Ялангуяа УИХ-ын гишүүн С.Цэнгүүн бусад эх үүсвэрийн 21 томилолт гэдгээ тайлбарлах нь ёс зүйд нийцнэ.

About Author