ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ: БНСУ-ын виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол ГУРВАН САРын дараа дахин мэдүүлж болно

download (32)

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсноо албан ёсны цахим хуудсаараа мэдээлснийг хүргэе.

Үүнд:

1.Өмнө нь визийн татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурван сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визийн татгалзсан хариу авсан өдрөөс хойш гурван сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.

2.Эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын Виз Мэдүүлгийн Төвд хандан мэдүүлэх шаардлагатай.

3.Мөн өвчтөний яаралтай байдал, виз мэдүүлэгчийн нөхцөл байдлыг харгалзан эмчилгээ(C-3-3)-ний визийг цаг алдалгүй, хурдан олгох “Шуурхай гарц”(Fast Track)-ыг шинээр бий болгож буй тул монгол иргэд “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)” дэх эмчилгээ(C-3-3)-ний визний зөвлөгөөг өгөх хэсэгтэй холбогдохыг хүсэж байна.

4.Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг есөн эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай Эмнэлэг, Агапе Христийн Эмнэлгийг нэмснээр цаашид 11 эмнэлгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.

5.Иймд дээрх агуулгуудыг тусгасан “Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын шинэчилсэн журам(visa finder)” –ыг “Солонгосын Виз Мэдүүлгийн Төв(Korea Visa Application Center, KVAC)”-ын албан ёсны цахим хуудас зэрэг холбогдох цахим хуудаснуудад тавих тул тэдгээр цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь цаашид үргэлжлүүлэн монгол иргэдийн БНСУ-д зорчих визтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн БНСУ-д зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно гэжээ.

Эх сурвалж: БНСУ-ын Элчин Сайдын Яам

About Author