Н.Булгамаа: СЕХ-ноос 2026 оны намуудын санхүүжилтийг 7.8 тэрбум төгрөг байхаар зарлалаа

md7b7h_1O8A0213_x974

Эх сурвалж: ikon.mn

2026 онд улс төрийн намуудад олгох санхүүжилтийн дээд хэмжээ болон улс төрийн намуудын нээлттэй, ил тод байдлын талаар Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ноос дараах мэдээллийг өглөө.

Энэ үеэр “Улс төрийн намд төрөөс олгодог санхүүжилт, хяналт, хариуцлага” сэдвийн хүрээнд СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаагаас тодруулснаа хүргэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намын санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг.

Үүний дагуу 2025 оны тавдугаар сард СЕХ-ноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнтэй уялдуулж, хуулийн шаардлага хангасан нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам эвслүүдэд хуульд заасан томьёоллын дагуу санхүүжилтийг тооцож, зарлаад олгосон.

Ингэхдээ улс төрийн намын санхүүжилтийн дээд хэмжээг 7.4 тэрбум төгрөг байхаар зарласан. Энэ дагуу намуудын санхүүгийн тайланг нь хянана.

Мөн намуудын орлогын дүнтэй нь уялдуулан 6.9 тэрбум төгрөгийг долоон нам эвсэлд олгосон.

СЕХ-ноос 2026 оны намуудын санхүүжилтийг 7.8 тэрбум төгрөг байхаар зарлалаа.

Дөрвөн жилд нэг удаа олгодог санхүүжилт, жил болгон олгох санхүүжилт нэмэгдээд сонгуулийн дараа жил олгогдоно. Бусад үед жил болгон олгоно.

Жил болгон олгодог санхүүжилтийн хэмжээ өөрчлөгдөхгүй байх ёстой. Гэхдээ энэ удаад яагаад өөрчлөгдсөн тухай тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулт өгье.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулаад тооцоолол хийдэг. Энэхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн өөрчлөгдсөн учраас 2025 онд олгох санхүүжилт арай өөр гарч байгаа гэсэн үг. Үүний дараа санхүүжилт хөдлөхгүй. Өөрөөр хэлбэл 7.8 тэрбум төгрөгөөр СЕХ-ноос дүнг зарлана. Цааш хяналтын ажил хийж хэдэн төгрөг олгох вэ гэдэгт өөрчлөлт орно” гэлээ.

“Улс төрийн намуудад олгосон ₮6.9 тэрбумын зарцуулалтыг хянана”

Үргэлжлүүлэн “Улс төрийн намууд 6.9 тэрбум төгрөг авсан байгаа. Ирэх оны хоёрдугаар сард санхүүгийн тайланг ирүүлэх ёстой бөгөөд зөв зарцуулсан эсэхийг нь хянах ёстой.

Хараат бус хөндлөнгийн аудитороор хянуулдаг. Хянуулж гаргасан тайлан дээр СЕХ өөрсдөө хяналтын ажил хэрэгжүүлдэг.

Үүний дараа Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Үндэсний аудитын газраас дүгнэлт гарсны дараа тухайлсан намуудад энэ хэмжээгээр санхүүжилт өгөх боломжтой юу, үгүй юу гэдгийг шийдэж гаргадаг гэсэн үг.

Хяналтын ажил дууссаны дараа намууд санхүүжилтээ авна. Тэд санхүүжилтийнхээ 50 хувийг нь хэрхэн зарцуулахыг хуульд тодорхой заасан.

Төрийн санхүүжилтийн зарцуулалт:

Тус санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдин улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх,

15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах

15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр, хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулна.

Тиймээс төрөөс өгч байгаа мөнгийг энэ дагуу зарцуулсан уу, үгүй юу гэдгийг дүгнэж хяналтаа хэрэгжүүлнэ гэсэн үг.

Энэ санхүүжилтийг анх удаа өгөөд байгаа юм биш. 1992 оноос эхлээд тодорхой хэмжээгээр өгч байсан. Улмаар 2005 оноос хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хэмжээ нь нэмэгдсэн. Энэ жилээс л анх удаа намуудад санхүүжилт өгч байгаа юм шигээр хүмүүс өрөөсгөл ойлгодог.

Өмнө нь Иргэдийн Хуралд суудалтай газрууд хүртэл санхүүжилт авдаг байсныг болиулсан. Ил тод, нэг л шугамаар авах ёстой, түүнийгээ буцаад тайлагнах ёстой гэхчлэн олон нийтийн хяналтыг оруулж байгаа” хэмээн хэллээ.

About Author