“Уул уурхай бол нарийн мэргэжлийн салбар гэтэл хийсвэр тоогоор “попорч” сонсголыг улс төржүүлж байна”

1756693743098

Эх сурвалж: ikon.mn

Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

“Сонсгол эхлэхээс өмнө төсөл хэрэгжүүлэгчийн талаар маш их сөрөг мэдээллийг нийгэмд өгдөг. Сонсгол дуусахаар үр дүнг огт танилцуулдаггүй”

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш хоёр талын хэлэлцээр гурван удаа амжилттай хийгдсэн. Монгол Улсын Засгийн газраас тавьж байгаа асуудлуудаа тодорхой хэмжээгээр шийдүүлж чадаж байсан.

Сонсголоор эерэг тал нь сайнтай, муутай олон мэдээллүүдийг дараагийн хэлэлцээрт ашиглах, зарим асуудлуудыг одоо явж буй хэлэлцээрийн хүрээнд засах боломж нь гарч ирж байна.

Сөрөг тал нь цаашид төсөл болгоныг нээлттэй сонсголоор хэлэлцэх юм уу? Энэ бол нарийн мэргэжлийн, шинжлэх ухааны салбар. Салбар яам, шинжлэх ухааны маш олон мэргэжилтнүүд, туршлагатай хүмүүс байна. Тэдгээр хүмүүстэйгээ хоёр талд суугаад асуудлаа яриад, хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулаад засаад явах боломж нь нээлттэй.

Энэ хүрээндээ асуудлыг шийдэхгүйгээр Халзан Бүрэгтэй төслөөс эхлээд нээлттэй сонсголууд үргэлжилж байна. Сонсгол эхлэхээс өмнө төсөл хэрэгжүүлэгчийн талаар маш их сөрөг мэдээллийг зохион байгуулалттай юм шиг нийгэмд өгдөг. Сонсгол болоод дуусахаар сонсголын үр дүнг огт танилцуулдаггүй.

Халзан Бүрэгтэй нь сонсгол маш олон маргаан, хэлэлцүүлэг дунд өрнөсөн ч уг хэлэлцүүлгийн дүгнэлтийг хаалттай байнгын хороонд танилцуулаад өнгөрсөн. Энэ дээр иргэд ямар мэдээлэл олж авах ёстой, сонсголын үр дүн, цаашид яах, төслийн үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэх талаар мэдээллийг иргэдэд өгөхгүй байна. Энэ сонсгол ч бас иймэрхүү байдлаар явчих вий.

Нөгөө талаар сонсголын дийлэнх хувь нь популизм буюу улс төржсөн, өнгөрсөнд байсан зарим ахмад улс төрчдийн өөрсдийгөө хамгаалсан, хэн нэгнийгээ муулсан өнгө аястай л явж байна. Энэ нь цаашид манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын үйл ажиллагаанд маш их хүндрэлийг дагуулна.

Хийсвэр тоо гаргаж ирээд, ямар ч судалгаагүйгээр попорч байна.

Төсөв тасарлаа гээд Сангийн сайд мэдэгдээд явж байсан. Ийм эмзэг эдийн засагтай улс гэдгээ бодоод асуудлыг хуулийн хүрээнд ажил хэрэгчээр шийдвэрлэхэд анхаарч бодит ажил хийх ёстой юм болов уу.

“20 гаруй жилийн өмнө ийм ойлгомжгүй, тодорхойгүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлсний үр дагавар нь өнөөдрийн маргаан юм”

Үргэлжлүүлэн тэрбээр сонсголоос ямар үр дүн хүлээх буюу цаашид яах талаар “34 хувийг эзэмшээд бид өр төлбөрт орлоо. Өгөөжөө одоог хүртэл хүртээгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа бол одоогийн хэлэлцээр дээрээ үүнийгээ засах, ажил хэрэгч саналыг хоёр тал оруулаад явах нь зүйтэй юм болов уу гэж харж байна.

2024 оны Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-р бараг энэ тухай өөрчлөлтөө хийчихсэн шүү дээ. Хэрэв 34 хувийг төр эзэмшихгүй бол АМНАТ-аар орлуулах боломжтой гэсэн байгаа. Хууль эрхзүйн боломж нь бүрдчихсэн учир түүнийгээ гэрээ дээрээ засаад явах боломж нь байна.

Цаашид сонсголын үр дүнд гэрээнд хоёр талын ашиг сонирхол шингээд нэг талдаа гарах ёстой. Мөн популизм буюу улс төржилт уул уурхай руу орж ирдэг байдал зогсох ёстой. Энэ дуусашгүй маргаан Тавантолгой, Оюу толгой цаашлаад шинээр гарч ирж байгаа бүх төслүүд үргэлжилж улс төржиж байна.

Үүнийг нэг талдаа гаргаад энэ салбарыг ажил хэрэгчээр удирдаж явуулах хэрэгцээ шаардлага маш их байна. Сонсголд оролцож байгаа хүмүүсийн ойлголт маш зөрүүтэй байна. Тоо, судалгаа, баримт дээр үндэслэж ярихгүй байна.

20 гаруй жилийн өмнө ийм ойлгомжгүй, тодорхойгүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлсний үр дагавар нь өнөөдрийн үргэлжилж байгаа маргаан юм. 16 жил энэ төсөл улс төрийн золиос, улстөрчдийн амны зугаа болж эргээд үйл ажиллагаа нь үргэлжлэх эсэх нь шийдэгдэх гээд л явж байна шүү дээ.

About Author